Дэлхий нийтээр..
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Энэ сарын 28-нд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж 255,173,639 ширхэг хувьцаа эзэмшдэг 103 хувьцаа оролцон, нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцаа эзэмшигчид 72,81 хувийн ирцтэй оролцсон хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.
Тооллогын комиссын тогтоолоор: Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.8 дахь заалт, 72 дугаар зүйл, хувьцаа эзэмшигчдийн санал хураасан хуудсыг тоолсон дүнд үндэслэн дараах мэдээллийг хүргэж байна. /Хэлэлцсэн асуудлын дарааллаар/

-Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 95.67 хувь буюу 51 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.97 хувь зөвшөөрсөн, 0.02 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.
-Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.90 хувь зөвшөөрсөн, 2.09 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.
-Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.80хувь зөвшөөрсөн, 0.01 хувь татгалзсан, 1.19 хувь түдгэлзсэн байна.
-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.98хувь зөвшөөрсөн, 0.01 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.
-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.81хувь зөвшөөрсөн, 0.41 хувь татгалзсан, 0.78хувь түдгэлзсэн байна.
-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 96.73 хувь зөвшөөрсөн, 3.26хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.
-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэх тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.35 хувь зөвшөөрсөн, 1.64 хувь татгалзсан, 0.01 хувь түдгэлзсэн байна.
Өнөөдрийн хурлаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүний чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг харгалзан, тэдгээр гишүүдийн оронд жижиг хувьцаа эзэмшигчдээс хоёр гишүүнийг томилох үүргийг ТУЗ-д өглөө.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
