Дэлхий нийтээр..
Сэтгүүлчид УИХ-ын хяналт шалгалтын талаар судалж байна
Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтад оролцож буй сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын албан хаагчдад 2023 оны зургаадугаар сарын сарын 04-ний өдөр Улсын их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан “Ард түмний төлөөллийн байгууллага ардчилсан парламент” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины парламентын ардчилалд тулгарч буй сорилт, бэрхшээл, Олон улсын парламентын холбооноос тогтоосон ардчилсан парламентыг илэрхийлэх шалгуур үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улсын Их Хурлын бодлого, стратеги, олон улсын парламентын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа байдал зэргийг тоймлон дурдав.
Ардчилсан парламент, түүний үүрэг хариуцлага, олон нийтийн, тэр дундаа сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр явуулж байна. Сонгон шалгаруулалтын үндсэн дээр “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага сургалтын үйл ажиллагааг гүйцэтгэн, зохион байгуулж байна.
Залуу сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулж буй энэхүү сургалтын цогц үйл ажиллагаа нь хоёр өдрийн танхимын сургалт, гурван долоо хоногийн бямба гаригийн зочны лекц, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах болон сэтгүүл зүйн бүтээл туурвих гэсэн бүрдлүүдээр үргэлжлэх юм. Үндсэн сургалт буюу хоёр өдрийн танхимын сургалт өчигдөр (2023.06.03) эхэлж, Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл, парламентын ардчилал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын үүрэг, хариуцлага, эрх зүйт ёс, Үндсэн хуулийн эрх зүй зэрэг өргөн хүрээтэй сэдэв, агуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор А.Бямбажаргал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Д.Гангабаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн, Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Ц.Цогт, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид нар хичээл орлоо.
“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтын зорилго нь Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, түүний үзэл баримтлал, парламентын хяналт, шалгалтын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангахын ач холбогдол, үнэ цэн, энэ талаарх сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар олон нийтэд уг мэдлэгийг түгээхэд чиглэж буй юм. Иймд сургалтад хамрагдаж буй сэтгүүлчид дээрх хууль, түүний хэрэгжилт, үр дүн, цаашилбал, парламентын ардчилал, иргэдийн оролцооны талаар сэтгүүл зүйн бүтээл туурвиж, олны хүртээл болгох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Дэлхий нийтээр..2023/04/26
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Үйл явдал2019/10/29
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулз...
-
Дэлхий нийтээр..2026/03/23
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг...
-
Дэлхий нийтээр..2023/12/08
Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ
