Тод индэр
Их эмч Ч.Дэлгэрмаа: Мацаг гэдэг бол эмчилгээний нэг арга

- Урин цаг ирэхэд бид жиндээ илүүтэй анхаарч, болж өгвөл хасах гэж яардаг. Иймдээ ч олон арга хэрэглэдгийн нэг нь мацаг барих юм. Үүнийг УАУ-д хэрхэн авч үздэг вэ?
- Өнөөдөр буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стрессээс үүдэлтэй таргалалт их болсон байна. Таргалалт бол энгийнээр биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлдэг. Ийнхүү таргалалттай холбоотойгоор жин хасах зөвлөгөөнүүд дотор мацгийг зөвлөсөн нь олонтаа. Эмчийн хувьд жин хасна гэсэн болгоныг хэрэглэж турших нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг хэлмээр байна. Учир нь хүн бүрийн бие махбод өөр өөрийн онцлогтой бөгөөд эмчилгээний төрөл, үйлчлэх нөлөөлөл нь харилцан адилгүй юм. Мацаг гэдэг бол эмчилгээний нэг арга. Тодруулбал, УАУ-ы гол онолд тодорхой өвчнүүдийн үед бодисын солилцоог тэнцвэржүүлэх замаар илүүдэл өөхийг хайлуулах, хоргүйжүүлэхэд мацаг буюу өлсгөж доройтуулах /хоол сойлт/ эмчилгээг хийдэг.
-Тэгвэл хүссэн нь мацаг барихгүй байх нь ээ?
- Тийм ээ, хүссэн бүхэн барихгүй. УАУ-д тавдугаар сар нь дэгжрэлийн улирал учраас энэ үед хатуу мацаг барьж болохгүй. Өвчнөөс шалтгаалаад тухайн хүн ямар хугацаагаар, ямар гам дэглэмээр барих вэ гэдэг бол өөр өөр. Хоол сойх мацаг эмчилгээг эс шингэх өвчтэй, чихрийн шижин, тархи, зүрхний зарим өвчин, хэрх, шар ус бадган, бадган шар хямарсан өвчнүүд, өтгөн хатах, шээс хаагдах үед тохиромжтой гэж үзэж зөвлөдөг. Гол нь мацаг эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор барина. Тэрнээс эмч болно гэсэн гээд зүрхний өвчтэй эсвэл чихрийн шижин өвчтэй хүмүүс долоо хоногийн долоон өдөр юу ч идэхгүй мацаг барьж болохгүй. Мөн тамир дорой хүнд хүчтэй хатуу явдал мөр, эм заслаар доройтуулж өлсгөж болдоггүй.
- Дээрх өвчний шалтгаантай хүмүүс мацаг барих бол улирлын хувьд хугацаа заах уу?
- Шаардлагатай тохиолдолд зөөлөн мацгийг дэгжрэлийн улиралд хийж болно. Хамгийн тохиромжтой нь өвлийн улирал гэж заасан байдаг. Зуны улиралд зөөлөн мацаг барьж болно. Гэхдээ энэ бол хоногийн 24 цагт огт юм идэхгүй гэсэн үг биш. Эмчилгээний зорилгоор 24 цагийн тодорхой нэг хугацаанд хоолыг сойх эмчилгээ юм. Мацаг бол хоол сойж өлсгөн биеийн махбодыг тэнцвэржүүлж буй нэг хэлбэр бөгөөд УАУ-д зөвхөн идээ, ундаа төдийгүй явдал мөр, эм заслаар хавсруулан цогцоор нь бодисын солилцоог тэнцвэржүүлэх эмчилгээг хийдэг.
- Дэгжрэлийн улирал нь ямар хугацаатай үргэлжилдэг юм бэ?
- Энэ бол зурхайн онолоор явна. УАУ-д жилд зургаан улиралтай гэж үздэг ба өвлийн хоёр, хаврын хоёр улиралтай. Дэгжрэлийн улиралд тамир хүч багасдаг юм. Тэр үед хоол сойх нь улам биемахбодыг хямраах эрсдэлтэй.
- Япон эрдэмтэн энэ сэдвээр Нобелийн шагнал хүртсэн.
- Сонсож байсан юм байна. Магадгүй энэ хүний судалгааны ачаар хүмүүс илүү ихээр мацгийг сонирхож, судалж, турших болсон байх шүү. Судалж үзэхэд мацаг жил ирэх тусам л төрлөө нэмээд байх хандлагатай байна. Бидний ахуй амьдралд 16/8 цагийн завсарлагатай мацаг илүү дөхөм санагдсан. Жоохон өлсөж сурахад гэмгүй. Өөрийгөө хоргүйжүүлээд яваад байгаа юм гэж ойлгох хэрэгтэй. Ер нь мацаг гэдэг бол шинэ ойлголт биш шүү дээ. Манай өвөг дээдэс энэ талаар мэддэг, бидний ахуй соёлд шингэж, уламжлагдсан ирсэн үйл. Өдөрт нэг махан хоол иддэг, зундаа нойтон мах хэрэглэхгүй түлхүү цагаан идээгээ хэрэглэж, бие организмаа цэвэрлэнэ. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д мацаг барьснаар эрхтэн тодорно, бие хөнгөрч, дуршил амгалантай, үйл шамдалтай, өлсөж ундаасах нь цагтаа гарна, өтгөн хий амгалантай гарна гэсэн байдаг. Гэхдээ туйлширч болохгүй. Өөрт тохиромжгүй хатуу мацгийг буруу цаг улиралд бариад бие махбодыг хямрааж, шим тэжээлийн дутагдалд орж өвчин үүсэх эрсдэлтэй юм.
- Мацаг барьсан тохиолдолд тайлах их чухал гэлцдэг.
- “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д идээ ундаагаар доройтуулж, өлсгөсний дараа шингэхэд хялбар хоол хүнсийг бага хэмжээгээр идэж эхлэнэ гэсэн байдаг. Зарим үед ажлын ачаалал, стрессээс болоод өдөржин юм идэлгүй байх тохиолдол байдаг мөн тэр үед огцом их хэмжээгээр шингэхэд бэрх, шарсан хайрсан хоол хүнс, магадгүй хоносон, зориулалтын бус нөхцөлд удаан хадгалсан, түүхий ногоо жимс, даршилсан хоол хүнсийг хэрэглэж болохгүй.
- Мацаг барихаас өөрөөр эрүүл турах арга гэвэл та юу зөвлөх вэ?
- Таргалалт гэдэг нь нэг төрлийн өвчин юм. Иймд бодисын солилцоог тэнцвэржүүлэх хувь хүний өөрийн бие махбодод тохирох хоолны дэглэмийг барьж, дасгал хөдөлгөөн, тохирох эм эмчилгээг хийлгэвэл зохино. Эмчийн зөвлөсний дагуу өөрт аль тохиромжтой өөрийн бие махбод болон улиралтай зохицох цэвэрлэх эмчилгээнүүдийг хийлгэж болно. Жишээ нь манай Манба Дацан эмнэлэгийн хувьд туулга, бөөлжүүлэг, нируха эмчилгээ, зөөлөн шимт зэрэг шимжүүлэх эмчилгээг улирлын чанартай хийсээр ирлээ.
- Ярилцсанд баярлалаа.
Тод индэр
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Тод индэр
Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблейн Спортын хорооны хурал "Туушин" зочид буудалд үргэлжилж байна.
Тус хурлыг нээж Монголын Үндэсний спортын холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Спортын бүлгийн дэд захирал Нам Сан Вон, Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар үг хэлсэн.
Спортын хорооны хурлын өнөөдрийн хэлэлцүүлэг "Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Спортын сувгийн захирал О.Ууганбаяр, КВЅ-ийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон болон Шри Ланкийн SLRS телевизийн Ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ нар илтгэлээ хэлэлцүүлж байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим "Аль ч улсын Үндэсний телевиз болон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд томоохон сорилтууд тулгараад байна. Эдгээр сорилт нь дижитал платформуудтай холбогдож байна. Иймд бид бүхэн хоорондоо хамтран ажиллах шаардлагатай. Энэ удаагийн "ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн хурал яг энэ төрлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, стратеги төлөвлөлтийг сайжруулахад чиглэгдсэн чухал уулзалт болж байна.
2026 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг спортын томоохон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Эдгээр спортын томоохон үйл явдлыг бид хурдан шуурхай үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь олон нийтийг нэгтгэх спортоор дамжуулан нөхөрлүүлэх зэрэг олон давуу талтай байдаг.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос нэгэн платформыг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү платформоор дамжуулан цахим хэлбэрээр спортын төрөл бүрийн нэвтрүүлэг хүргэх шинэ боломж бүрдэж байгаа бөгөөд энэ удаагийн Ерөнхий Ассамблейн хурлаар тухайн платформын стратегийн шинжтэй бодлогын асуудлуудыг хэлэлцэнэ” гэдгийг онцолсон юм.
Тод индэр
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ хурлаар ямар асуудал яригдах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“ABU байгууллага нь Ази, Номхон далайн телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 телевиз гишүүнээр элсэж байсан.
Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элссэн юм. Холбоонд элсэх нь мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших, суралцах боломжийг олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг, уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа чухал байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагаа “ABU” холбоо харилцаанд явдаг.
Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер, ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа "ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурал “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.
-Бидэнд их ойр сэдэв байна?
-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно.
Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Энэ дууны наадамд дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.
-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирнэ. Энэ нь Монгол Улсаа сурталчлах сайхан боломж болох нь ээ?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана. Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөжин тэлж хамтын ажиллагааг сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.
Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс бид мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлого, ямар нэвтрүүлэг шилдэг болохыг зарлана гэх зэрэг мэргэжлийн чиг хандлагад чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.