Үйл явдал
Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ үйлдвэр ашиглалтад орлоо
“Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн Брэнд болгоно” гэсэн Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд 2017 онд олон улсын жишигт нийцсэн “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр” байгуулахаар 3 үе шаттай төслийг хэрэгжүүлж байсан “Очирдагинас” ХХК, “Экспортын үйлдвэр”-ийнхээ төслийн 2 дахь шат болох “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-ийнхээ нээлтийг өнөөдөр хийж байна.

Уг үйлдвэрийн онцлог нь Монгол улсдаа анх удаа “Нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнийг" экспортод гаргах үйлдвэр барьсан явдал юм. Тус үйлдвэрт нийт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банкны зээл болон өөрийн санхүүжилтээр хийсэн байна. Шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор 50 гаруй ажлын байр шинээр бий болж байна.

Очирдагинас ХХК нь “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-тээ Дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Герман улсын Handtmann компанийн бүрэн автомат консерв савлах шугам, хэлбэржүүлэн шахах төхөөрөмж, MULTIVAC компанийн бүрэн автомат савлагааны шугамуудыг суурилуулсан байна.

Эдгээр бүрэн автомат шугамуудыг суурилуулснаар цаг хугацаа, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээмж нэмэгдэж үйлдвэрлэлтийн хэмжээг 4.5-6 дахин нэмэгдүүлж байгаа зэрэг ач холбогдолтой юм байна.
Очирдагинас ХХКомпани нь:
- Эхний ээлжинд сард 100 тн консерв үйлдвэрлэн экспортод гаргах боломжтой.
- Мөн импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын хэрэглэгчдэдээ нийлүүлэх юм. Тухайлбал худалдаанд гарсан цагаасаа хэрэглэгчдийн таашаалыг маш их хүртсэн Bio брэндийн элэгний нухшийг үйлдвэрлэх ба цаашид олон төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргана.
- БНСУ-ын THE-O CORPORATION болон Natural Core компаниудтай 2017 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан 9 нэр төрлийн дайвар түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд нийлүүлж байна.
- Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор гэрийн тэжээвэр амьтдад зохиулсан дайвар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнээ БНСУ-аас гадна ОХУ, Польш, Канад, Япон, Хонконг зэрэг улсуудад гаргана. Ингэснээр Монголдоо хэрэглээ бага, нядалгааны үеэр ихэнх нь хаягдаж буй малын гэдэс дотрын хэрэглээ нэмэгдэж эдийн засгийн эргэлтэд орох юм.

Одоо “Очирдагинас”ХХК нь жилд 100 тн дайвар түүхий эд хэрэглэж байгаа бол шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор жилд 400 тн малын гэдэс дотор хэрэглэх юм байна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна.
Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Уул уурхайн салбарт 25000 хүн, хөдөө аж ахуйн салбарт 300 мянган хүн ажиллаж байна. “Очирдагинас”ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын үйлдвэр”-ийн төслийн гол зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа “Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн брэнд” болгоход чиглэж байна.
Тэд төслийн 3 дахь шат болох “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2020/10/14
Ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав
-
Үйл явдал2023/02/15
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Дэлхий нийтээр..2020/12/02
Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл ...
-
Дэлхий нийтээр..2024/06/17
Нийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байжээ
