Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 24. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үйл явдал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо дайчлан, гамшгаас хамгаалах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.
Ажилтан, алба хаагчдын найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхдүүдэд нь төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийг бусад байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын манлайлал, хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ.
Манай оронд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй.
Иймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, иргэний үүргээ биелүүлэхэд нь чиглүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хэллээ.
Цаашид гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг дээшлүүлэх, ард иргэдийн итгэлийг хүлээсэн, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон бэхжүүлэх үйлсийг бүх талаар дэмжихээ илэрхийллээ.
Хиймэл оюун, цахим шилжилт, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологи ашиглах, гал унтраагч робот, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчлөн, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр шуурхай ажиллахыг санууллаа.
Техник, тоног төхөөрөмж, автомашин, аврах ажиллагааны багаж хэрэгслийг өндөр бүтээмжтэй ашиглах, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааг алдаа мадаггүй, шуурхай гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болголоо.
22 жилийн өмнө Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан юм.
Жил бүрийн 06 дугаар сарын 20-ны өдөр Онцгой байдлынхан үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжил, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаа иргэд, олон нийтэд тайлагнадаг.
Мөн үе үеийн алба хаагчдын үйлс, амжилт, гавьяаг алдаршуулан, эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа зольсон баатруудаа хүндэтгэн дурсдаг юм.
Өнгөрсөн хугацаанд 87 орчим мянган гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед үүрэг гүйцэтгэж, 50 орчим мянган хүний амь нас, 3 орчим их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Албаны хэмжээнд тусгай зориулалтын хувцасны хангалт 64.4, техник, тоног төхөөрөмжийн хангалт 57.7 хувьтай байгааг 80 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Франц Улстай хамтран Агаараас аврах ажиллагааны нэгж байгуулж, гал унтраах тусгай зориулалтын автомашинаар анги, салбараа хангасан. Мөн анх удаа дотооддоо нисгэгч, инженер, техникийн ажилтнуудаа бэлтгэж, агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бие даан гүйцэтгэдэг болжээ.
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслийн дүнд гамшгийн аюулыг эрт сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдэж, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэн, бүх шатны байгууллага, орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах бэлэн байдал дээшилж, оролцоо сайжирна гэж үзэж байна.
Холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалт, төлөвлөлт, сургалт, бэлэн байдал, санхүүжилтийн тогтолцоо шинэ шатанд гарч, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавх бэхжих юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш, доктор, профессор Пүрэвийн Цэдэвт Гавьяат багш, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Оргийн Ганхуягт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүх ажилтан, алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн Аврах бүлгийн аврагч, нохой хөтлөгч, ахлах ахлагч Энхбаярын Банзрагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн Аврах ажиллагааны мэргэжилтэн, ахмад Жүгдэрийн Цолмонбаатар нарыг Шударга журам медалиар шагналаа.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Даваажавын Төрмөнхөд Онцгой байдлын байгууллагын анхны сайдын нэрэмжит шагнал гардууллаа.
Үйл явдал
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны аравдугаар сард нээсэн. Тус ажлыг “Монгол зам” групп, “Ганбүрд” ХХК түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд замын нийт гүйцэтгэл 91 хувьтай үргэлжилж байна. Өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээг хийж улсын баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Энэхүү зам нь дөрвөн байршилд нүхэн гарц, нэг гүүр, нийт уртдаа гадаргын ус зайлуулах шугамтай юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан замын гүүрэн байгууламж, тулц ханын ажилтай танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийн гол шалтгаан нь автобус байдаг. Тиймээс энэхүү замыг нийтийн тээвэрт зориулан хийж байна. Өмнө нь төвөөрөө яваад Өнөр хорооллоор дайрч, буцаад Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаа руу ордог байсан. Тэгвэл энэ зам ашиглалтад орсноор Хорооллын эцсээс шууд Баянхошуу руу зорчих боломжтой юм. Зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөө, Өнөр хорооллын замын ачааллыг бууруулна. Тухайлбал, замын ачаалал 30 гаруй хувиар буурах судалгаатай. Наймдугаар сарын нэгнээс өмнө гэрлэн дохиог яаралтай тавих хэрэгтэй. Бид автомашин төвтэй бус хүн төвтэй хот байх бодлого барин ажиллаж байна. Тиймээс замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ. Түүнчлэн бид дараа дараагийн том бүтээн байгуулалтад гаднын бус үндэсний компаниудаа дэмжин ажиллана” гэлээ.





Үйл явдал
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажиллалаа.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 81 хувьтай байгаа бөгөөд дулааны шугамыг өргөтгөж, хуучин суурийг буулгаж, шинээр суурь цутгаж, авто замыг шинэчилж байна. Авто замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа юм. Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон ийнхүү шинэчилж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Тус замыг өргөтгөснөөр Наадамчдын шинэ гүүртэй холбогдож, замын хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Нийслэлээс төв замын ачааллыг хуваалцах холбоос замыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Долоодугаар сард багтан бүх замын газар шорооны ажлыг дуусгаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шинэ замуудын үндсэн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Нэг, хоёрдугаар тойрог зам төслүүд болон нийтийн тээврийн олон төрөлт хэрэгслийг нэвтрүүлэх төслүүдэд хот ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ““Хөсөг трейд”-ийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэл үргэлжлэх Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх суурийн ажил дууссан. Есдүгээр сарын 1-нээс өмнө хучилтын ажлыг дуусгана. Мөн авто замын ажлын хүрээнд хийгдэж буй дулааны шугам сүлжээ өргөтгөх ажлыг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгана. Явган замыг долоодугаар сарын 1-15-ны хооронд хучиж дуусгахаар төлөвлөсөн. Гэрэлтүүлгийн ажил 80 хувьтай, явган замын ажил 50 хувьтай байна” гэв.

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Алтайн гудамжнаас Галдан бошигтын гудамж хүртэлх 798 метр урт шинэ гол гудамж замын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус авто замын ажил 22 хувьтай үргэлжилж байна. Авто замын ажлын хүрээнд 3536.17 шоо метр талбайд ургамлын үе хуулж, 9835.35 ам метр талбайд ул хөрсийг тэгшилж, нягтруулсан. Цахилгаан дамжуулах шугамын ажил 60 хувьтай, холбооны худаг сувагчлал байгуулах ажил 90 хувьтай, явган замын суурийн ажлыг хэсэгчлэн хийж гүйцэтгэж байна. Авто замын ажлыг “Дэд бүтэц консалт” ХХК гүйцэтгэж байгаа юм.



-
Дэлхий нийтээр..2019/09/05
Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас 234-ийг нь ашигл...
-
Дэлхий нийтээр..2021/06/16
Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна
-
Үйл явдал2025/02/07
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2021/05/05
СЕХ: Баримт бичгийг нягтлан шалгаж хүлээн авахыг үүрэг болгов
