Тод мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Тод мэдээ
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Бейсен Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой өнөөдөр /2024.11.05/ уулзлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрүүл хөрсөнд ургасан эх орны хүнсний ногоогоор иргэдээ хангах зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн тариаланг нэн тэргүүнд дэмжих шаардлагатай байгааг дурдаад, энэ хүрээнд хүлэмжийг олноор байгуулах, мэргэжилтнүүдийг сургах талаар холбогдох яамны албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар товч мэдээлсэн. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн оношилгооны төвүүд байгуулах асуудлыг хөндөж, ингэснээр нийслэлд ирж эмчлүүлэх хөдөлгөөн багасч эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Гагцхүү бүсийн оношилгооны төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудал тулгарч байгааг тэрбээр тодотгоод, ялангуяа алслагдсан баруун бүс нутагт эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх нэн шаардлагатай байгааг онцолсон. Байнгын хорооны дарга дээрх хоёр асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүслээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, газар тариалан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг дурдаад, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулахад хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Манай улсын Эрүүл мэнд, халамжийн яам, Эрүүл мэндийн сангийн дэмжлэгтэйгээр зүүн бүсийн аймгуудад зарим халдварт өвчний судалгаа хийх зэргээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-аас шууд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээг Эрүүл мэндийн яамтай байгуулан ажиллаж эхэлсэн. Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртээмжгүй учраас дараагийн шатлалын эмнэлгийн ачаалал нэмэгдэж, иргэдийн санхүү, эдийн засагт хүндээр тусаж байгааг ойлгож байна.
Бүсийн төвүүдийн эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарч, хамтран ажиллах боломжийг буй болгоход Элчин сайдын хувьд хичээн ажиллах болно гэлээ. Мөн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран газар тариалангийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж буйг тодотгоод, энэхүү хамтын ажиллагааг хүлэмжийн тариалан эрхлэхэд чиглүүлэхэд анхаарахаас гадна энэ талаарх хөрөнгө оруулалтыг судлан хамтын ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
ЭЗБХ: Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг сонгов
Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, Статистикийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төслийг боловсруулжээ. Тус төслийн хавсралтаар Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, тус Хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, тус Хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийн загваруудыг төслийн хавсралтаар тус бүрд нь батлахаар боловсруулсан байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Байнгын хорооны ажлын албанаас хариулт, тайлбар авав. Нэр дэвших хүсэлтийн маягтыг холбогдох хуульд заасан шалгуурын дагуу нарийвчлан боловсруулах саналыг М.Бадамсүрэн гишүүн хэлсэн бол тус маягтуудад хуулиас давсан шалгуур, шаардлагыг тусгахгүй байхад анхаарахыг Э.Батшугар гишүүн анхааруулж байв.
Хуулиар тогтоосон хугацаатай албан тушаалтнуудын ажиллах хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан сонгон шалгаруулалт болон нээлттэй сонсголыг шуурхайн зохион байгуулах саналыг Н.Батсүмбэрэл гишүүн гаргасан. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
“Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулагдсан. Тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлыг нэр дэвшүүлж буйг Р.Сэддорж дарга танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар Н.Алтаншагай гишүүн лавлаж, Байнгын хорооны даргаас хариулт авлаа. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх, сонгох нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу явагддаг гэлээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Б.Мөнхсоёл гишүүнийг сонгохыг дэмжив. Иймд холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Р.Сэддорж дарга Байнгын хорооны тогтоолыг уншиж танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод мэдээ
Төвлөрөл сааруулах Үндэсний баг орон нутагт ажиллаж байна
Улаанбаатар хотод ирж буй иргэдийн нэгээхэн хэсэг нь улсын чанартай томоохон эмнэлгүүдийг зорьдог.
Уг асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг нутагшуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийг бууруулах зорилго бүхий “Үндэсний баг” байгуулсан.
Үндэсний баг нь нийслэл, дүүрэг төдийгүй орон нутагт цаашлаад улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдлийг бууруулах чиглэлээр цогц тусламжийг үзүүлэх жишиг баг юм.
Тодруулбал, эрүүл мэндийн салбарт тэр дундаа дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа
- Хавдрын тусламж үйлчилгээ
- Зүрх судасны тусламж, үйлчилгээ
- Ангиографийн оношлогоо /эмэгтэйчүүдийн, тархины, зүрхний, хэвлийн/
- Гэмтэл согогийн тусламж үйлчилгээ
- Ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ зэрэг төрлүүдээр төвлөрөл бий болсон бүс нутгуудад тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сурган, мэргэжил арга зүйгээр хангах юм.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймагт ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй үзлэг оношлогоо, 50 гаруй нэн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Уулзалтын үеэр сайд Т.Мөнхсайхан дээрх үндэсний багуудыг эрүүл мэндийн салбарт бий болж буй жишиг баг болохыг дурдаад цаашид уг багийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад яамны зүгээс бодлогоор хангаж, шат, шатны байгууллагуудад уг тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн эмч нарын төлөөлөл уулзалтын үеэр Үндэсний багийн үйл ажиллагааны үр дүнд дүүрэг, орон нутгийн эмч нар бие дааж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадварт эхнээсээ суралцаж байгааг онцлоод тун удахгүй олон мянган иргэн амьдарч байгаа бүс нутгаасаа эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр авах боломж бүрдэнэ гэлээ.