Дэлхий нийтээр..
Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийдэх бөгөөд 0-27,000 төгрөг байна
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Уг хуулийн төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах захиргааны шинжтэй эрх хэмжээг НИТХ, Нийслэлийн Засаг даргад олгох, гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай эрх зүйн орчин, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлуудыг зохицуулна. Хуулийн төслийг парламентын албан ёсны цахим хуудаст байршуулсан байгаа тул иргэд хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломжтой. Бид хамтдаа түгжрэлийн ард гарч чадна. Түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөж буй ажлыг ямагт болохгүй, бүтэхгүй гэх өнцгөөс хараад байвал жил ирэх тусам нөхцөл байдал хүндэрнэ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд иргэдийн амьдралын чанарыг дордуулах, онцгой албан татвар, импортын албан татвар зэрэгт өөрчлөлт оруулсан ямар нэг зохицуулалт тусгаагүй гэдгийг онцолъё” гэв.
Автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төсөлд тусгасан

Гааль болон Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720,000 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ тоо жилд дунджаар 47-50 мянгаар нэмэгдэж байгаа юм. Энэ хурдаар өсвөл дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот нэг сая автомашинтай болж, дэлхийд анти-статистикаараа тэргүүлэх магадлалтай. Өмнө нь нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын сүлжээг өргөтгөн, гүүр барих бодлого барьж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд хотын авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн байна. Гэтэл 325 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр 720 мянгад хүрчээ. Тиймээс авто зам өргөтгөлөө гээд түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Тус хуулийн төслийн хамгийн эхний зохицуулалт бол НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай юм. Бид хот дотор өдөрт дунджаар 2.8 сая удаа зорчилт хийдэг.

Өнөөдрийн байдлаар улаанбаатарчууд жилд 717 цаг буюу 31 хоногийг түгжрэлд зарцуулж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9 хувь буюу 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд үрж байгаа гэх харамсалтай судалгаа гарсан. Тиймээс түгжрэлийг сааруулж, бууруулах чиглэлээр захиргааны болон зохион байгуулалтын арга хэмжээ авч чадахгүй бол дээрх алдагдсан боломж улам өснө. Эхний ээлжид замбараагүй орж ирж буй импортын автомашины тоог дугаар олголтоор хязгаарлах зарчмыг барьж байна. Үүний тулд дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтоох бөгөөд түгжрэл саарч, авто замын хүртээмж нэмэгдсэн тохиолдолд дугаарын дээд хязгаарлалтыг нэмэх уян хатан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй. Автомашины дугаар эзэмшигчид өөрсдийн автомашины дугаарыг бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжтой бөгөөд шинэ автомашин авах тохиолдолд эзэмшиж буй автомашинаа хөдөө орон нутагт худалдаалах, эсвэл устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон өөрөө шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг хийж буй юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/02/23
Репо арилжаагаар банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
-
Дэлхий нийтээр..2021/05/17
Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгоно
-
Тод зураг2019/11/21
“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал...
-
Үйл явдал2024/07/23
Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна
