Хэн юу хэлэв...
Зурхайч, АУ-ы магистр Д.САЙНСАЙХАН: Жилийн засал номоо жилийн эхээр, эсвэл ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа хийлгэх нь бий
-Сар гарны дараа Цагаан сар болох нь дээ. Хоёулаа яриагаа XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн үр, онцгойлох жилтнүүдийн засал номын талаар эхлэх үү?
-Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг.
Энэ жилийн хувьд “Хилэнт эх” хэмээх Модон луу жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл: Өлсөж ундаасах зовлон болон мэсний аюулаас сэрэмжлэх учиртай жил гарч байна. Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар улирлын эхээр салхи шуурга ихтэй, хур бороо элбэг, тариа будаа ургац элбэг сайтай байна. Жилийн нуруу төлөв төвшин ихэс дээдэс ардыг энэрэн улс орноо тэтгэнэ.
- Луу жилтнүүд жил орж байна. Тэд юуг анхаарч, ямар засал ном уншуулах хэрэгтэй вэ?
-Луу жилтнүүд буюу гадаад жил монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2012, 1952 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил: Хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийг сайн бие эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.
2000, 1940 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг гэлцдэг. Энэ жил буг зэтгэр босох гэм бий. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.
1988, 1928 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.
1976 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтга.
1964 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.
Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил луу жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө туулай жилд юмуу луу жилдээ, эмэгтэй хүн луу жилдээ юмуу могой жилд жил орох магадлалтай юм.
- Бусад жилтнүүдийн тухайд анхаарах шаардлагатай ямар зүйл байна вэ? Тухайлбал урвасан жил гэж байдаг.
- Урвасан жил нь огторгуйн үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, яс тасрахын үүд нээгдэх, хагацахын үүд нээгдэх, үгүйрлийн үүд нээгдэх, олзны үүд нээгдэх юм. Хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж би асуудаг юм. Тэр хүмүүс уур хүрч байна, ууртай байна гээд чин үнэнээ хэлдэг. Тэдгээр хүмүүст “Таны уурын үүд нээгдчихэж” гэж хэлдэг. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэдэг. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм.
Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийх хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдгийг би мэдсэн. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.
Үгүйрлийн үүд буюу гарзын үүд гэж монголчууд нэрлэдэг энэ үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Тиймээс эд зүйлдээ хямгатай эмх цэгцтэй байх нь чухал. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг, Алтангэрлийн даллага.
Хамгийн сайн үүд нь олзны үүд. Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг учраас олон жил бодсон зүйлдээ зориглох хэрэгтэй.
Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох, хулгай дээрмээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Дорждэрэм, Хамчунагво, Цагаан шүхэрт, Чойжоо дүгжү уншуулж байх.
Газрын үүд нээгдвэл шороо ухах, ургаа мод таслах, ан амьтан агнах, ус булаг бохирдуулах догшин газар оронд үл очих зэрэг газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Саяннинбу, Нанжид, Лусын сан уншуулах.
Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Засал нь: Намхайнямбу, Ямбийдончир, Цагаан шүхэрт, Лхамын ганшиг уншуулж байх. Хэрэв эдгээр үүдийн аль нэг нээгдсэн бол ганц нэг удаа уншуулах биш жилийн турш эдгээр тус тусын үүд хаалгах номыг тогтмол уншуулж хаалгаж байхыг онцгой анхаарах хэрэгтэй.
1992 ОНЫ УСАН БИЧ ЖИЛТНҮҮДЭД 33-НЫ МӨЧЛӨГ ТОХИОЖ БАЙНА
-33 мөчлөгийг асуухгүй өнгөрч боломгүй юм. Энэ жил хэдэн оныхон мөчлөг таарч байна вэ?
- Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөлөлтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхцдаг. Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.
33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхэсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөнө өө. Ингэхээр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнэ ээ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг муу тал руугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог. Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовуурилж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол том нөлөөг засах засал юм. 33-ны мөчлөг нь энэ жил 1992 онд төрсөн усан бич жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33 мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.
- Модон луу жилийн харш жилтнүүд ямар засалтай байгаа вэ?
- Нохой жилтэн их харш, Үхэр, Хонь жилтэн бага харш, Хулгана, Бич жилтэн ивээл жилийн харш, Могой жилтнүүд цагаан жил буюу нэгнийгээ ороох харш.
Нохой жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжү гаргавал сайн.
Үхэр, Хонь жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Үхэр жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Хонь жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулбал сайн.
Хулгана, Бич жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.
Могой жилтнүүд Луу, могой хоёр ороолдох харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй. Засал нь: Маналын чого, 3 гүрэм, Сахиусны ганшиг уншуул.
Үүнээс гадна энэ жил 3 хөх мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон 2015, 1979, 1943 оны хонь, 2006, 1970, 1934 оны нохой, 1997, 1961, 1925 оны үхэр, 1988, 1952 оны луу жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь: Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.
Мөн Гахай, Хулгана, Үхэр, Луу, Хонь, Нохой жилтэнгүүд Дүршүг буюу үхээрт орших жилийн Нашидүрсүмийн засалтай тул үхээрт орших гэсэн нэр биш юм. Цаад утгандаа хүний хэл ам, хэрүүл тэмцэл, гадны муу шалтгаанаас болгоомжлон хэрүүл маргаанаас хол явахыг сануулж байна. 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгээрэй. Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дарааллан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг. Жилийн нашидүрсэмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номондоо шамдаарай.
- Жилийн засал болон онцгой засал номыг яг хэдийд, ямар давтамжтай хийлгэхэд тохиромжтой юм бэ?
-Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юмуу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.
Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа.
Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн эхнэр, нөхөр, хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж өөр өөрсдийн онцлог зан чанар хоорондын таарамж тохиромж, хүүхдийн хань ижлийн заяа сайн муу эсэх, авъяас чадвар ажил мэргэжил, хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгааг нь урьдчилан танин мэдэх боломжтой байдгаараа монгол зурхайн үр хүүхдээ бага наснаас нь чиглүүлэх онцлог давуу талтай уламжлал байдаг.
-Тантай уулзсаных. Ярианыхаа төгсгөлд Дэмбэрлийн зурхайн талаар асуумаар байна. Ач холбогдлын талаар бидэнд тайлбарлаж өгөөч.
-Уг нь энэ дэмбэрэл буюу төөргийн зурхайг хүүхэд анх төрөхөд зурхайчаар зуруулж сайн зан чанар амьдралыг нь бэлгэдэн ерөөж нэрийг нь өгөх, улмаар өөрийн давуу тал өгөгдлөөрөө мэргэжлээ сонгох, хань ижил ямар хүн тохирох, эсвэл хүнтэй суухгүй байгаа бол хань ижлийн тал дээрх хатуу жил, сар, өдөр, цагаар хатуу хувь заяанд төрсөн эсэх гэх мэт алдаа дутагдлаа нас биед хүрэхээсээ өмнө ном заслаар юм уу өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл бодол хандлагаараа засах гэх мэт олон төрлийн өндөр ач холбогдолтой зурхайн зурлага юм. Одоо 1900 онд төрсөн хүнээс дөнгөж төрж байгаа хүүхдүүд хүртэл бүх хүмүүс гаргуулж байна. Төрөхөд нь энэ уламжлалыг мэдэхгүй өнгөрөөснөөс одоо хүмүүс амьдралдаа илүү их алдаж амьдарч байх шиг байна. Амьдрал нь болохгүй ямар нэгэн асуудалтай байгаа насанд хүрсэн хэдэн ч насны хүмүүс ирж энэ төөрөг дэмбэрлийн зурхайг их зуруулж байгаагаас харагдаж байна. Бурханы сургаалд хүртэл өөрийгөө танин мэдэж байж төгс гэгээрэлд хүрдэг шүү дээ. Бид бүхэн аливаа зовлон бэрхшээлийн уг шалтгааныг гаднаас хайх биш өөрсдийгөө таньж мэдэж, засан залруулж байж арилгана гэдийг ухаарах хэрэгтэй. Тиймээс энэ мартагдах гээд байгаа маш хэрэгтэй уламжлалт зурхайн ухааны уламжлалуудыг сэргээх тал дээр би залуу хүн, уламжлалт зурхайч хүний хувьд анхаарч, амьтанд туслах болов уу гэх үүднээс ажилладаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Таны буян, номын ажилд амжилт хүсье.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.
Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд С.Такаичи мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
2027 онд тохиох Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Найрсаг харилцаатай улс орнуудын хувьд Монгол, Японы Засгийн газрууд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна.
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ.
Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо.
Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,
Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
