Тод мэдээ
Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүллээ
Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Оросын Холбооны Улсын хил хүртэл 355 километр замыг туулахаар 2024 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр Зайсан толгойгоос "Ice Nomad Marafon" хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүллээ.
Энэхүү өвлийн гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах,өвлийн гүйлтээр залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж, спортоор хичээллэх, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалах гэдгийг хурандаа Б.Цэвээндаш онцолсон юм.
Мөн тэрбээр 2023 оны долоодугаар сард Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум 618 километр замыг 17 хоног гүйж туулсан бөгөөд тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ивээн тэтгэж, дэмжсэнд талархал илэрхийллээ.
Хурандаа Б.Цэвээндаш 2012, 2016 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол Улсын Төрийн далбааг хоёронтоо мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан билээ.
Эх сурвалж: ШШГЕГ
Тод мэдээ
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийлээ
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д "Чайна Энержи групп" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.
Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын "Чайна энержи групп" компаниас албан ёсны байр сууриа 2024 оны аравдугаар сарын 28-нд Монголын талын Ажлын хэсгийн дарга Ц.Туваанд ирүүлжээ.
Энэ хүсэлтэд Хоёр талын хамтын ажиллагааны түүх, тогтвортой хууль эрх зүйн орчин, үр ашигт хүргэх нөхцөлийг баталгаатай байлгах талаар, мөн урт хугацааны худалдаааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар гэсэн агуулгаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
Энэ асуудлаар Ажлын хэсэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.
Тод мэдээ
"К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл" хэрэгжиж байна
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн яамны хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах "К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл"-ийг өнгөрсөн есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр гарын үсэг зурж албажуулсан.
Төслийн удирдагч, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, төслийн удирдагч Жон Сон Ил, Лим Жае Кью нар төслийн ерөнхий төлөвлөлтөө гаргалаа.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон Улсын хөгжлийн тусламжийн байгууллага /ODA/-ын 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжаар хэрэгжих тус төслийн хүрээнд Монгол Улсын авто замын салбарын инженер техникийн ажилчдаа БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулна.
Мөн авто замын засвар арчлалтад хиймэл оюун ухаан ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг олон үр дүнтэй ажил хийгдэнэ гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
ЗГ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.
Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна.
Үүнд:
-Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах;
-Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;
-Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах;
-Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэг болгох;
-Татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах;
-Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах;
-Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, инновацийг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ.
Цаашлаад тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ.