Хэн юу хэлэв...
Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боломж байна
Гаалийн байгууллага МУИС-ийн Бизнесийн сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан тухай тус сургуулийн захирал, доктор профессор Н.Батнасантай ярилцлаа.
Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?
Монгол Улсын Их Сургууль нь судалгаа шинжилгээний олон салбарын шилдэг эрдэмтэдтэй, төрөл бүрийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, Монгол Улсын эрдэм оюуны гол төвүүдийн нэг юм.
Манай улсын хөгжлийн олон асуудлууд өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. МУИС-ийн хувьд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг, тэр хэрээрээ чухал ач холбогдол өгдөг зүйлсийн нэг. Гаалийн байгууллагын өмнө ч ийм асуудлууд тулгарч байна. Гаалийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор бид ГЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.
Түүх ярих юм бол ”Гааль, Эдийн засгийн коллеж” нэртэй ГЕГ-ын дэргэд байсан сургалтын байгууллагыг 2010 онд ЗГ-ын тогтоолоор МУИС-д нэгтгэсэн. Тэр цагаас хойш МУИС нь гаалийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол төв болсон гэж үзэж болох юм. Одоо гаалийн байгууллагын системд 2000 гаруй хүн ажиллаж байна. Бид 2010 оноос хойш гадаад худалдаа, гаалийн чиглэлээр 200 гаруй бакалаврын мэргэжилтэн, 30 орчим магистр, 1 докторыг гаалийн чиглэлээр бэлтгэж гаргасан бөгөөд тэд маань гаалийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.
Бидний цаашдын зорилго бол зөвхөн боловсон хүчнийг нь бэлтгэхэд төдийгүй гаалийн байгууллагын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг нь шийдвэрлэхэд хамтарч оролцох, гааль судлалын чиглэл дээр хамтрах явдал гэж харж байна. Энэ бол бидний гаальтай хамтран ажиллах чиглэлд баримтлах гол стратеги.
Одоо манай гаалийн үйл ажиллагааны бүтээмжийн болон техник технологийн түвшин дэлхийн тэргүүлэх түвшний орнуудтай харьцуулахад нэлээд доогуур түвшинд байна. Тэргүүлэх хөгжилтэй орнуудын түвшинд дөхөж очихын тулд маш их ажиллах шаардлагатай. Тэгэхлээр энд бидэнд хамтран ажиллах асар том орон зай байна аа гэсэн үг.
Үүнийг МУИС-ийн судлаачдын зүгээс улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, бас гаалийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодитой боломж гэж харж байна.
Нөгөө талаас МУИС-д мэргэжилтнийг сургаж бэлтгэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах асуудлуудаас гадна төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бий.
Хамтын ажиллагаа талуудын аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа учраас бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гаалийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтэд оролцсоноороо сургаж байгаа оюутнуудаа юунд, хэрхэн сургахаа тодорхойлох боломжтой болох юм. Тийм учраас энэ хамтын ажиллагаа бидэнд олон талаар ач холбогдол бүхий хамтын ажиллагаа гэж харж байна.
Санамж бичгийн хүрээнд сургалт болон судалгааны чиглэлээр ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ?
Гаалийн өмнө эн түрүүнд тулгамдаж буй асуудал бол худалдааг хөнгөвчлөх асуудал юм. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа судалгаануудаас үзэхэд Монгол Улсын бизнесийн орчны үзүүлэлтүүдээс гадаад худалдааны орчны үзүүлэлтүүд нэлээд тааруухан байдалтай байгаа. Тэгэхээр гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд юуны өмнө цаг хугацаа, зардал шаардсан хил гаалийн дэглэм журмаа өөрчлөх тал дээр ажиллах шаардлагатай. Монгол Улс НӨАТ-ын системийг нэвтрүүлснээр дотоод дах санхүү эдийн засгийн янз бүрийн бэрхшээлтэй асуудлуудыг үндсэнд нь цэгцэлсэн. Цэгцлэгдээгүй асуудлууд нь эдийн засгийн гадаад харилцаа талдаа байна.
Хил гаалийн дэглэм журмыг өөрчлөх хүрээнд эн түрүүнд хэрэгжүүлэх асуудал бол эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлэх. Энэ нь нэг талаас худалдааг хөнгөвчлөх, нөгөө талаасаа хууль сахиулах гэсэн хоёр асуудлыг хамтатган шийдэх шийдэл юм. Гаальд эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлж, одоо байгаа энэ гаалийн хяналтын тогтолцоог илүү ухаалаг байдлаар зохион байгуулна гэсэн үг.
Ер нь худалдааг хөнгөвчлөх ажил нь үйл ажиллагааг уялдуулах, стандартчилах, хялбаршуулах зарчмуудад тулгуурлах ёстой. Үүнийг хэрхэн ямар арга замаар хийх вэ гэдэг дээр бидний өөрсдийн хийсэн судалгаа, олон улсын хэмжээнд нийтлүүлсэн бүтээлүүд бий. Нөгөө талаас үүнийг хэрэгжүүлэхүйц хүн хүчний болон техник технологийн ч боломжууд байна. МУИС-д мэдээллийн технологийн чиглэлээр гадаад дотоодод докторын зэрэг хамгаалсан 40, 50 залуу ажиллаж байна. Энэ залуучуудын хүчийг ашиглаад гаалийн эрсдэлд суурилсан удирдлагыг хийх боломж бий.
Өнөөг хүртэл гаалийн байгууллагууд 3 өөр мэдээллийн систем ашиглаж ирсэн боловч эдгээр нь өөр хоорондоо мэдээллээ солилцох боломжгүй байна. Өмнө нь гаалийн техник технологи, мэдээллийн системийг шинэчлэх ажлыг ихэвчлэн гадаадын байгууллагуудаар хийлгэж ирсэн. Тодорхой хугацааны дараа техник технологи хоцрогдож, хөгжүүлэлтээ цааш нь үргэлжлүүлье гэхэд өмнө нь шинэчлэлийг гардан хэрэгжүүлсэн байгууллагатай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн байдаг. Тиймээс нэг ажлаа дахин дахин давтан хийхэд хүрч байгаа юм.
Олон улсын туршлагаас үзэхэд, жишээ нь Солонгос Улсад Сөүлийн үндэсний их сургууль нь гаалийн байгууллагынхаа судалгаа хөгжүүлэлтийн асуудлыг хариуцдаг. Их сургууль бол аль нэг компани шиг дампуурдаг, өөрчлөгддөг бүтэц биш. МУИС ийм хөгжүүлэлтийг хийснээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууцлалын асуудлууд ч давхар шийдэгдэнэ.
Япон Хятадын хоорондын худалдаанаас үзэхэд бараа ачигдангуут бүх бичиг баримтыг цахим хэлбэрээр солилцож байна. Бараа замд явж байх хугацаанд барааг гаалийн хилээр шалгаж оруулах эсэхийг шийддэг эрсдэлийн төлөвийг нь урьдчилж тодорхойлдог. Улаан төлөвөөр орж ирж буй барааг заавал хилийн гааль дээр ч биш гүний гааль дээр шалгачихдаг. Манайд жишээн дээр үзэх юм бол Японоос бараа ачуулсан нөхцөлд бараа Замын Үүд дээр ирсэн үед барааг тээврийн хэрэгсэлтэй нь зогсоож байгаад бүх бичиг баримтыг нь мэдээллийн системд шивж оруулдаг. Мэдээллийг системд оруулсны дараа хяналтын төлөвийг нь тодорхойлж, барааны 80-90 хувийг нь нэг бүрчлэн шалгаж байна. Хилээр нэвтэрч буй барааны дийлэнх хэсгийг нь улаан төлөвөөр оруулж буй шалтгаан нь эрсдэлийн төлөвийг тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой мэдээллийн нэгдсэн сан үүсээгүйтэй холбоотой. Энэхүү практик нөхцөл байдал бидэнд хүн хүчний болон цаг хугацааны ихээхэн алдагдлыг үүсгэж байгаа юм.
Гаалийн хяналтын процессын дийлэнх хэсэг нь импортын хувьд бараа хилийн гадна байх үед, багахан хэсэг нь орж ирснийх нь дараа хийдэг болчихвол цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Хилээр гарах барааны хувьд бараа ачигдахаас өмнө хяналт шалгалтын процесс нь эхэлдэг,.бараа хил дээр очих үед багахан хэсэг нь хийгддэг ийм тогтолцоо руу шилжүүлбэл худалдааг хөнгөвчилнө. Ийм тогтолцоог бүрдүүлж байж хилээр гарч буй ачаа бараа, тээврийн хэрэгсэл бүрийг биш харин хамгийн эрсдэлтэй бараа ачилтуудыг шалгадаг олон улсын жишиг рүү шилжинэ. Ийм өөрчлөлтийг хийхэд Засгийн газрын ч, олон улсын донор байгууллагуудын ч оролцоо, хамтын хүчин чармайлт чухал.
Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын үр дүнг яаж тооцож байна вэ?
Монгол Улсад хамгийн хурдтай өсөж буй эдийн засгийн салбаруудын нэг нь гадаад худалдаа. 1995 оны эхэн үед манай улсын экспорт, импорт нийлээд 500 сая доллар байсан. Гадаад худалдааны эргэлт одоо 50 тэрбум ам.долларт хүрч, даруй 50 дахин өссөн. Тэгэхээр барааны ийм том хэмжээний эргэлтийг гаалийн байгууллага хуучин хүчин чадлаараа, арга барилаараа хянах боломж бараг байхгүй. Тиймээс юуны өмнө, дээр дурдсан өөрчлөлтийг хийхээс өөр арга байхгүй. Хоёрт, Монгол Улсад ажиллах хүчний зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсэж, салбар бүрд ажиллах хүчний дутагдал үүсэж эхэллээ. Энэ нөхцөлд мэдээллийн технологид суурилж үйл ажиллагаагаа явуулдаг өндөр бүтээмжтэй гаалийн байгууллагын бүтцийг үүсгэж хөгжүүлэхгүй бол худалдааны эргэлтэд бүрэн хяналт тавих боломж цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар алдагдах эрсдэл үүсэж байна. Гуравт, одоо гаальд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах амьдрах орчин нөхцөлтэй холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Хэрвээ гаалийг дээр дурдсан байдлаар өөрчилж чадвал одоо байгаа төсвийг нь тэлэхгүйгээр, ажилтны бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар нийгмийн асуудлыг нь шийдэх боломжтой. Магадгүй одоо 2000 гаруй орон тоотой ажиллаж байгаа гаалийн байгууллага мэдээллийн технологи дээр суурилсан дэвшилтэт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулбал 600-700 хүний хүчээр ажиллах боломжтой. Ийм нөхцөлд хэмнэсэн төсвөөр цалинг нь нэмэх, ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэж, гаальд илүү чадварлаг хүмүүс орж ажилладаг нөхцөлийг үүсгэж чадна.
Эх сурвалж: ГЕГ
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Хэн юу хэлэв...2026/03/18
Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, ч...
-
Дэлхий нийтээр..2024/11/15
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ...
-
Дэлхий нийтээр..2021/11/26
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянгол дүүрэгт эхэллээ
-
Дэлхий нийтээр..2025/05/12
Хяналт шалгалт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна
