Тод мэдээ
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал боллоо
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал 2024 оны тавдугаар сарын 06-ны өдөр боллоо. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хурлыг нээхдээ манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов.
Монгол Улс 2023 онд ФАТФ-ын 8 дугаар зөвлөмжийн үнэлгээгээ ахиулснаар ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн анхны орон (зөвлөмж 15 шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн 5 дахь орон болсон. Өнөөдрийн ээлжит хурлаар нийт 7 асуудал хэлэлцэв.
Тодруулбал, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн уулзалтад оролцсон болон Монгол Улсын 2024 оны явцын тайланг хүргүүлсэн талаар уулзалтын эхэнд танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн олон улсын түвшинд авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхэд шинээр үүсэж буй эрсдэлийн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өглөө.
Хурлын төгсгөлд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хэмжээнд хэрэгжих арга хэмжээний төлөвлөгөөний 2023 оны биелэлт” болон бусад асуудлыг хэлэлцэн, Үндэсний зөвлөлийн гишүүд санал солилцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
АТГ: Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын дугаарын борлуулалтын тайлан, жагсаалт болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийв.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар зөвлөгөө өгөх чиг үүргийн хүрээнд дээрх журмын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий иргэд олон давтамжтайгаар буюу 4-54 удаагийн дуудлага худалдаанд оролцож, автотээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон нөхцөл байдал илэрлээ.
Дуудлага худалдаанд нэг иргэн олон давтамжтайгаар оролцон ялагч болж тээврийн хэрэгслийн дугаарыг олон тоогоор авч эзэмшиж байгаа нь “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 1.4, 4.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байж болзошгүй тул авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.
Тод мэдээ
УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан орон нутагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлаас баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн явц болон тулгамдаж буй асуудлуудтай танилцсан юм. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдсэн болон хийгдэж буй ажилтай танилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 онд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд нярайн эрт илрүүлгийн төв байгуулсан, эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулсан, бага насны хүүхдүүдийн дундах зүрхний олдмол гажгийг илрүүлэх зорилгоор анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг стрептококкын шинжилгээ авах тестээр хангасан, өсвөр насныхны дунд хүний папиллома вирусний эсрэг вакциныг нэвтрүүлсэн зэрэг ажлууд хийгджээ.
Цаашид ажлын хэсэг Ховд аймгийн Үенч суманд ажиллаж хилийн боомт, сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, хүүхэд хамгааллын үйлчилгээнд тулгамдаж буй асуудалтай танилцана.
АЖЛЫН АЛБА
Тод мэдээ
Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин үүссэн байршлуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байна.
Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас эхний ээлжид тухайн байршилд амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарцыг нээх ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг болголоо. Нарангийн энгэр орчимд 2-3 байнгын урсацтай булаг, шанд байдаг бөгөөд 2019 оноос эхлэн зун нь их хэмжээний үер буух, өвөл нь халиа тошин үүсэх болсон.
Мөн тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаа орчимд халиа тошин үүссэн байршилд 18 айл хүнд нөхцөлд оршин сууж байна. Тухайн байршилд 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуны бороо болон энэ өвөл цаг агаар төдийлөн хүйтрэхгүй байгаатай холбоотойгоор халиа тошин өмнөх жилүүдээс их хэмжээгээр үүсээд байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны халиа тошин үүссэн байршилд мөсөөр далан босгох, шуудуу татах, иргэдийн зорчих гарцыг нээх ажлыг хийж байгааг тус дүүргийн менежер Д.Баярсайхан хэллээ. Эдгээр халиа тошин үүссэн байршилд нийслэл, дүүрэг, хороодоос арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах, явганы хүн гарц гаргах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг тухайн байршлуудад жил бүр шуудуу татаж, мөсийг арилгаж шат дараалсан арга хэмжээ авдаг боловч энэ жил нөхцөл байдал илүү хүндэрсэн учраас халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2022/08/27
Хэвийн /шахмал/ цайг түшиглэн нутгийн иргэдийн орлогыг өсөн нэмэгдүүлж байна
-
Тод мэдээ2021/10/12
АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов
-
Тод мэдээ2019/08/15
“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авла...
-
Тод мэдээ2024/09/11
Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа