Үйл явдал
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байна.
2024 оны тавдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 10-наас 2024 оны тавдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хална.
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Дэлхий нийтээр..2022/08/23
НОБГ: Гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав
-
Дэлхий нийтээр..2021/02/27
Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лаборатортой боллоо
-
Үйл явдал2019/06/09
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн цахим мэдээллийн нэгдсэн сант...
-
Үйл явдал2023/12/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
