Үйл явдал
Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын дүнгээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгуульд МАН юу амлаж, Засгийн газар нь хэрхэн биелүүлсэн бэ гэдэг зайлшгүй яригдана. Бид энэ удаад эхчүүд, эмэгтэйчүүдэд хандсан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийг хариуцан ажилласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тоймлож байна. Энэ Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө гурав хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүдийг тусгайлан дэмжинэ, “цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдаггүй болно, малчин эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гаргах насыг наашлуулна гэсэн олон амлалтыг биелүүлэх үүрэг оногдсон.
Ж.Эрдэнэбатын, дараа нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын ажилласан хугацаанд дараах үр дүнг хэлж болохоор байна.
Нэг. Хүүхдээ гурван нас хүртэл асарсан ээжийн нийгмийн даатгал таслахгүй, “Цалинтай ээж”-ийг цааш нь үргэлжлүүлнэ
Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталжээ. Үүгээр “..Сайн дурын даатгалд даатгуулсан ээж нь хүүхдээ гурван нас хүртэл асарч хүмүүжүүлж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө төлөх”, “…Ажил эрхэлдэггүй бусад ээж хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр, 50 хувийг даатгуулагч эх өөрөө төлөх”, “…Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч нь хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байхыг хэвээр үлдээх” зэрэг зохицуулалтыг хийжээ. Энэ журам 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр “…Хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн шимтгэл тасрахгүй байх боломж бүрдэж, улмаар ирээдүйд авах тэтгэвэр нь өндөр тогтоогдож нийгмийн баталгаа нь хангагдана” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан үзэж байна.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас 2017 онд баталсан. Үүгээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 24 мянган төгрөг тус тус олгодог болсон. Энэ ажил гурван жил үргэлжилж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж байгааг салбарын яамныхан онцолж байна.
Хоёр. Ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, сайн дураар даатгуулсан ээжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
УИХ-аас 2017 онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нийт шимтгэл төлсөн хугацаанд нэмж тооцож, тэтгэвэр тогтоож эхэлсэн.
Энэ хуулийн энэхүү үйлчлэл нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 50 насандаа, бусад ээжүүд 55 насандаа тэтгэвэр тогтоолгохдоо хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцуулах юм. Тухайлбал, нэг хүүхэд төрүүлсөн ээж 1.5 жилээр, хоёр хүүхэд төрүүлсэн ээж гурван жил, гурван хүүхэд төрүүлсэн ээж 4.5 жил, дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж зургаан жил гэх мэтээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцохоор болсон. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах, эхчүүдийн хүүхэд төрүүлж, өсгөснийг төрийн зүгээс дэмжсэн томоохон шийдэл болж буй ажээ.
Мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээжид олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодох хувийг 30 хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээж дараах болзлыг хангасан байх учиртай юм байна. “…Сайн дураар даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх ёстой ажээ. Бас сайн дураар даатгуулагч ээжийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн, сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар бодож, дөрвөн сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгодог байсныг өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 100 хувиар тооцох болов. Тухайлбал, 700 мянган төгрөгийн дундаж цалинтай сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцоход нэг сая 960 мянган төгрөг, 100 хувиар тооцоход 840 мянган төгрөгөөр нэмэгдэж хоёр сая 800 мянган төгрөг болно гэсэн үг. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 16 886 даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 4.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм байна. Ингэснээр жил бүр 16.9 мянган сайн дураар даатгуулагч эх албан журмаар даатгуулагчтай адилхан хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулж, жилд 4.7 тэрбум төгрөг нэмж гар дээрээ авснаар үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулах боломж бүрдэж буй ажээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

Үйл явдал
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын эрдэмтэн, профессоруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.
Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Үйл явдал
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.
Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.
Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Дэлхий нийтээр..2024/10/08
ХЭҮК: 738 иргэнд 198 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө
-
Дэлхий нийтээр..2021/12/09
Монгол, Хятадын ЗГХК-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо
-
Үйл явдал2021/12/06
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай
-
Үйл явдал2025/05/02
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
