Дэлхий нийтээр..
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Багш-Ирээдүй-Хөгжил” уулзалтад оролцлоо
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын салбарынхантай уулзлаа. “Багш-Ирээдүй-Хөгжил” уулзалтад ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын салбарын 700 гаруй төлөөлөл оролцлоо. Уулзалтад оролцсон сургууль, цэцэрлэгийн багш нар салбарынхаа шинэчлэл, цаашдын зорилго зорилтын талаар санал бодлоо солилцлоо.
Мөн “Багш-Ирээдүй-Хөгжил” уулзалтад Монгол Ардын Намын жагсаалтаар нэр дэвшигч Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нар оролцов.
Боловсролын багц хуулийг өнгөрсөн оны долдугаар сард баталж, түүний хүрээнд санхүүжилт, хөтөлбөр агуулга, удирдлага менежментийн шинэчлэл, үнэлгээ болон багшийн хөгжил, цахимжуулах зэрэг чиглэлд өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлжээ. Мөн Ерөнхий сайдын санаачилгаар “Багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого”-ыг хэрэгжүүлж буй.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Боловсрол, соёл бол аль ч улс орны хөгжлийн цөм байдаг. Боловсрол бол ганцхан тухайн салбарт хамаатай асуудал биш. Боловсрол бол эх оронч үзэл баримтлалыг хэвшүүлэх батлан хамгаалахын салбар, боловсрол бол ногоон байгууламжийг устгахгүй байх ирээдүйн иргэдийг бий болгох салбар, боловсрол бол хөдөлмөрийн зах зээлтэй уялдах эдийн засгийн асуудал” гэв.

Мөн тэрбээр “Эдийн засгийн төлөө хүн байдаг юм биш, хүний аз жаргалтай амьдралын төлөө эдийн засаг байдаг гэдгийг улс төрийн тогтолцоонд ойлгуулах ёстой. Ногоон хөгжлийн үзэл санааг бий болгох боловсон хүчнийг цэцэрлэгээс нь бэлдэх учиртай. Монголын ирээдүйг бэлдэж буй багш нарынхаа орон сууц, нийгмийн асуудлыг хамгийн өндөр түвшинд хүргэх ёстой. Тийм ч учраас бид Үндэсний баялгийн сангаар дамжуулж ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Багш хүн ирээдүйн иргэнийг гэр бүлтэй нь хамт бүтээлцэж байдаг” хэмээв. Монгол Ардын Нам нэр дэвшигчдийн жагсаалтдаа боловсролын салбар, ялангуяа багш нарын хүчтэй дуу хоолой болж, тэднийг бүрэн дүүрэн төлөөлөх мэдлэг боловсролтой хүмүүсийг багтаасан гэдгийг Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.
Монгол Ардын Нам шинэ 30 жилийн түүхийг зөв эхлүүлэхийн тулд мөн бусад улс төрийн намд үлгэр дууриал үзүүлж, тухайн нутаг дэвсгэрийг төлөөлөх хэмжээний улстөрчдийг тойрогт, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, ард түмний дуу хоолой болж чадах мэргэжлийн экспертүүдийг жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Ингэж Монгол Улсын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн багш нар парламентад өөрсдийн дуу хоолойтой буюу квоттой болох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Жагсаалтаар нэр дэвшиж буй багш нарын төлөөллийн нэг, Монгол Улсын Ардын багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дуламын хүү Д.Бум-Очир доктор үг хэллээ.
Тэрбээр “Миний аав, ээж хоёр хоёулаа багш. Би өөрөө багш. Тиймээс би багш нарынхаа жаргал зовлонг сайн мэднэ. Монгол Ардын Намын баримталж буй бодлого бол боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, багш нарын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Энэ бол хоосон амлалт биш гэдгийг өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, үр дүн харуулж байгаа. 2021 онд боловсролын салбарт ДНБ-ий 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байсан бол 2024 оны байдлаар энэ тоо 4.2 их наяд болж нэмэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлсэн” гэв.

Мөн Монгол Ардын Намын жагсаалтын дөрөвдүгээрт нэр дэвшсэн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун энэхүү уулзалтад оролцож саналаа хэлэв. Тэрбээр “Би АШУҮИС-д 2007 оноос хойш багшилж байгаа. Бид зөвхөн багш бус түүнтэй хамтран ажилладаг бүх хүнийг авч үзэх хэрэгтэй. Нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийн асуудал шийдвэрлэгдээгүй л байна. Тиймээс би парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ, мөн багш нарынхаа, нийгмийн ажилтнуудынхаа төлөөлөл, дуу хоолой болж ажиллахаар нэр дэвшиж байгаа. Та бүхэн маань дэмжээрэй” хэмээн уриалахад уулзалтад оролцогчид алга ташин уухайлав.
Тус уулзалтад оролцож буй багш нар QR код ашиглан цахимаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн бөгөөд дийлэнх нь багш нарын цалин урамшуулал, нийгмийн асуудал, багш бэлтгэх тогтолцоо зэрэгтэй холбоотой байлаа.

Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн Бага боловсрол хариуцсан сургалтын менежер Б.Адъяасүрэн “Би долоон жил бага ангийн багшаар ажилласан. Намайг анх 2016 онд багшаар ажиллаж эхлэхэд цалин урамшуулал маш бага байдаг байсан. Тухайн үед 560 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Одоо бол цалин хэд дахин нэмэгдсэн. Бага ангийн багшаар ажиллаж байх үед нэг анги дунджаар 60 хүүхэдтэй байдаг байлаа. Харин одоо хамгийн олон нь 45 хүүхэдтэй байна. Мөн гурван ээлжээр хичээллэдэг байсан асуудал шийдэгдсэн. Энэ мэтчилэн ерөнхий боловсролын сургуульд тулгамддаг олон асуудал шийдэгдэж буйд баяртай байгаа” гээд цаашид хүн амын өсөлт, суурьшилтай холбоотойгоор шинээр сургууль барих, өргөтгөх чиглэлд анхаарч ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлэв.







Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
