Тод мэдээ
МАН-аас УИХ-ын сонгуулийн VIII тойрогт нэр дэвшигчид Баянзүрх дүүргийн 4, 7, 30 дугаар хорооны иргэдтэй уулзав
УИХ-ын сонгуулийн VIII тойрог, Баянзүрх дүүргийн 4, 7, 30 дугаар хорооны иргэдтэй МАН-аас нэр дэвшигчид уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийн саналыг сонсож байна.
УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн МАН-ын хороон дарга Э.Бат-Амгалангийн ахалж буй багийн гишүүд болох дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарыг иргэд, сонгогчид багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Дүүргийн өмнө тулгамдсан асуудлыг салбар бүрдээ хариуцан шийдвэрлэх чадвартай мэргэшсэн боловсон хүчнүүдийг Баянзүрх дүүрэгт МАН-аас илгээсэнд талархаж буйгаа олон сонгогч хэлсэн.
Засгийн газар, УИХ-ын гишүүнээр ажиллахдаа элдэв хэрэгт холбогдож, төрийн мөнгө хувьдаа завшаагүй нэр цэвэр, гар цэвэр нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх “20 минутын хот” төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа иргэд илэрхийлж, эхлүүлсэн ажлаа дуусгахыг үүрэг болгож байна.
Тод мэдээ
“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ
Дэлхийн улс орнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн дэвшил, инновацид суурилсан теле хяналтын камер (CCTV) өргөнөөр ашиглаж байна.
Цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийн эрүүл, оюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нута дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт 20.526, нийслэлд 29.763, нийт 50.289 камерыг байршуулсан нь олон улсын камержуулалтын стандарт, хүрэх түвшний 73.2 хувьд хүрээд байгаа юм.
Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суунаа газраасаа алга болсон бага насны 200 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсныг олж, тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв” 30-ыг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн юм.
Энэхүү төслийг цаашид хэрэгжүүлэх ажилд иргэн, хуулийн этгээд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсоноор ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монгол Улсаас Пакистан Улсад халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Пакистан Улсаас Монгол Улсад оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ. Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд үүнийг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.
Монгол Улс нь Исламын Бүгд Найрамдах Пакистан Улстай 1962 оны долдугаар сарын 06-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хавсран суудаг болно.