Дэлхий нийтээр..
Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна
Багш бэлтгэх тогтолцоог чанаржуулснаар дэлхийд өрсөлдөх боловсон хүчнийг бэлтгэнэ
Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цэцэрлэг, сургуулийн хүртээмж 90 гаруй хувьд хүрчээ. Цаашид боловсролын чанар, багш мэргэжилтнүүдийн бодит үнэлэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, хариуцлагажуулах, тэднийг чадавхжуулах бодлогод анхаарч дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд боловсон хүчнийг бэлтгэнэ гэдгийг УИХ-ын сонгуулийн Xl тойрог, СХД-т МАН-аас нэр дэвшигчид онцолж байна. СХД-т МАН-аас Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, Ч.Номин нар нэр дэвшиж байгаа билээ.


Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 25 цэцэрлэг, долоон сургууль шинээр ашиглалтад оржээ. Ингэснээр боловсролын үйлчилгээний хүртээмж 90 хувьд хүрч тэлсэн байна. Өмнө нь сургуулийн хүртээмж тааруу байдлаас болж сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байсан бол одоо нэг, хоёр ээлжинд шилжиж суралцах таатай орчин бүрдсэнийг иргэд ярьж байна.
Харин энэ үеэр нэр дэвшигчид боловсролын реформыг улсын хөгжлийн зорилготой уялдуулж үндэсний боловсролын тогтолцоог бий болгох нь чухал бөгөөд энэ хүрээнд англи хэлийг хоёр дахь хэл болгох, шинжлэх ухаанч соёлыг түгээх, боловсрол судлалыг хөгжүүлэх шаардлага байгааг тодотгосон юм.
Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд долоон сургууль, 14 цэцэрлэг шинээр баригдаж байна.
Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн зургаан шинэ дэд төвийг байгуулахаар төлөвлөсний дагуу Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн есөн хороонд иргэдийг орон сууцжуулах ажил идэвхитэй явагдаж байна.
Тухайлбал, СХД-ийн 9, 10-р хорооны нутаг дэвсгэрт 3.5 га газрыг чөлөөлж орон сууц баригдахаар төлөвлөгджээ. Барилгын эхний блокын гүйцэтгэл 50 хувьдаа орсон бол өнгөрсөн долоо хоногт хоёр дахь блокны ажил эхэлсэн байна. Орон сууц энэ ондоо багтаж ашиглалтад орохыг УИХ-ын сонгуулийн Xl тойрог, СХД-т МАН-аас нэр дэвшигчид онцоллоо.



Баянхошуу дэд төвийн хүрээнд авто зам, цэцэрлэг, бизнес инкубатор, сургалтын төв, ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн ажлууд хийгдсэн байна. Цаашид Баянхошуу дэд төвийг түшиглэж нийт 146 га газрыг чөлөөлж дахин төлөвлөлт хийгдэх аж. Дэд төвийг түшиглэн төвлөрлийг сааруулж, орлогод нийцсэн орон сууцны хорооллууд баригдаж байгаад иргэд сэтгэл хангалуун байгаагаа МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзах үеэр хэлж байлаа.
Дашрамд дурдахад, Баянхошуу дэд төвүүд бий болсноор Улаанбаатар хотын замын түгжрэл 36 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурна гэсэн судалгаа гарчээ. Дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд яндангийн тоо цөөрч, агаар, хөрсний бохирдол буурч иргэд өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах орчин нөхцөл эхнээсээ бүрдэж байгааг иргэд олзуурхан хүлээн авлаа.


Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2024/02/22
Сэлбэ голын 16.480 тонн мөсийг тээвэрлээд байна
-
Үйл явдал2020/11/19
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
-
Үйл явдал2024/03/18
Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ба...
-
Дэлхий нийтээр..2022/09/09
Богд Зонхова хайрханд тарьсан 15 нэр төрлийн мод 98 хувийн ургалттай байна
