Дэлхий нийтээр..
Голын далангийн хоёр талаар ургасан мод бургасыг үлдээж, голдирол хааж, урсац сааруулсан мод бургасыг чөлөөлж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрбээр “Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан. Иймд уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Тодруулбал, нийт 8.5 км үерийн далан сувгийн лаг хагшаасыг 1-1.5 метрийн гүнтэй ухаж цэвэрлэн, 25-30 метрийн өргөнтэйгөөр үндсэн урсцыг сайжруулах ажлыг хийгээд байна” гэв.

Сэлбэ, Дунд гол дагуу нийт 135 мянган шоо метр лаг хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 60 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн мод бургасыг чөлөөлөхдөө далангийн хоёр талаар ургасан мод бургасыг чөлөөлөхгүйгээр голын үндсэн голдирлыг хааж, урсцыг сааруулсан мод бургасыг чөлөөлж буй. Энэ хүрээнд УБЗАА-наас хамтран ажиллаж буй байгууллагууддаа зайлшгүй чөлөөлөх шаардлагатай 30 метрийн зурвасын чөлөөлөх хэмжээ, ухах түвшинг зааж өгөх зэрэг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллаж байгаа юм. Түүнчлэн өдрийн цагаар лаг хагшаасаа ухаж бэлдэн, шөнийн цагаар замын хөдөлгөөн татарсан үед “Цагаан даваа”, “Морингийн даваа”, “Нарангийн энгэр”-ийн хогийн цэгүүдэд тусгайлан бэлдсэн талбай дээр асгаж буй. Цаашид барилга байгууламжийн ашиглалтын нөхцөлийг сайжруулах төлөвлөгөөний дагуу жил бүр тодорхой түвшин барьж, голын голдиролд ургасан мод бургас, лаг хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлыг хийнэ. Энэ төрлийн ажлыг сүүлийн 20, 30 жил хийгээгүй бөгөөд олон жил хийгдээгүй ажлыг шуурхай хэрэгжүүлж байгааг тэрбээр онцоллоо.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2021/01/25
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/04/26
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт ажиглалт судалгаа хийлээ
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа
-
Үйл явдал2024/12/20
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
