Үйл явдал
Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.
2024 оны наймдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2024 оны наймдугаар сарын 08-наас 2024 оны наймдугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Үйл явдал
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Үйл явдал
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Дэлхий нийтээр..2024/10/25
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагджээ
-
Хэн юу хэлэв...2021/09/22
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
-
Үйл явдал2021/03/29
УИХ дахь намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2020/01/16
Хилийн чанад дахь Монгол Улсын иргэн УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөхгүй
