Үйл явдал
Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо
Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртлээ.

Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ удаа мөн хатуу биет хугалах төрөлд алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга боллоо.

Энэ сарын 20-25-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрыг эзэлсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Үйл явдал
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна. Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдвартай, тасралтгүй нэвтрүүлэх чухал байгууламж бөгөөд уг ажлыг "Очирням" ХХК, "Тэргүүн саруул зам" ХХК, "Хотгорзам" ХХК зэрэг таван компани гүйцэтгэж байна.
Туул голын орчим нь газарзүйн хувьд нам дор, хотгор байрлалтай бөгөөд бороо ихтэй үед ус ихээр хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй. Энэ нь гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч инженер, техникийн ажилтнууд тухайн газрын хөрс, усны орчин нөхцөлд тохируулан шахуу графиктай ажиллаж байна.
Гүүрийн голын хойд талын хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энд нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар дөрвөн дам нурууг байрлуулаад байна.
Уг ажлыг авто замын салбарт зам, талбайн тохижилт, засвар арчлалт, хатуу болон хайрган хучилттай авто зам, гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан зэрэг замын байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК-ууд гардан гүйцэтгэж байна.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр газарзүйн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч шаардлагатай инженерийн шийдлийг хэрэгжүүлж, дам нуруу угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар хичээн ажиллаж байна гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
-
Хэн юу хэлэв...2022/07/22
Сувилагч Б.Алтантуяа хавдрын эсрэг 650 км зам туулах холын зайн гүйлтээ эхлүүллэ...
-
Дэлхий нийтээр..2021/08/17
Аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийв
-
Тод зураг2020/05/19
Өнгөрсөн онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарчээ
-
Дэлхий нийтээр..2023/04/26
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт ажиглалт судалгаа хийлээ
