Үйл явдал
Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам “Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон юм.
Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ “Цахим эдийн засгийг дэмжих гол дэд бүтэц бол Шуудан юм. Шуудангийн харилцаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Харамсалтай нь Монгол Улсад орхигдоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг гэсэн үг. Иймд нэн түрүүнд хууль эрхзүйн орчныг шинэчилж, ойлгомжтой болгох чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэх, Apple pay, Paypal зэрэг гадаадын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хүргэлтийн системийг сайжруулахын тулд гааль, татварын асуудлыг бүс нутгийн хэмжээнд ойлгомжтой болгоно. Ингэснээр үндэстэн дамнасан худалдааны эргэлт сайжирна” хэмээн онцлов.
Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс “Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж хэллээ. Тэрбээр “8 бүлэг, 27 зүйлтэй Шуудангийн тухай хуулинд Монгол Улстай ижил хөгжиж буй статустай орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалттай харьцуулахад зохицуулагдаагүй орхигдсон харилцаа цөөнгүй байна. Тухайлбал, шуудангийн сүлжээ эзэмшигч, түүний эрх үүрэг, хяналтын тогтолцоо, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай” гэдгийг дурдав.
"Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл" дугуй ширээний уулзалтад яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд болон Улсын бүртгэлийн газар, Монгол банк, Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийнн хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцлоо.
Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс хаягжилтыг тодорхой болгох, шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг цахимжуулах зэрэг санал хүсэлтийг гаргав
Уулзалтын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс зөвлөмж гарган, хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах юм.
Үйл явдал
Анхааруулга!
Ойрын өдрүүдэд Европын улс, орнуудад хэт халалтын цаг уурын үзэгдэл олон хоногоор үргэлжилж, цаашид агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зарим орнууд 3 дугаар түвшний улаан түгшүүр зарлаад байна.
Европын ихэнх улс, орнуудын Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд хэт халалт нь ахмад настан, бага насны хүүхэд, архаг өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст төдийгүй бусад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Иймд Европт сурч, ажиллаж, амьдарч буй иргэд болон тус бүс нутагт зорчихоор төлөвлөж буй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
- Өдрийн халуун үе буюу 11:00-18:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан байхаас зайлсхийх,
- Хоолны тодорхой хэмжээний дэглэм барих (хөнгөн хооллох), мах зэрэг удаан шингэцтэй хоол, хүнсийг багасгах, хагас боловсруулсан болон халуун ногоо ихтэй хоол хүнснээс татгалзаж, гоймон, загас, шинэ ногоо, жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглэх,
- Биеийн шингэнийг нөхөх зорилгоор ус их хэмжээгээр уух, хийжүүлсэн эсвэл чихэрлэг ундаа, цай, кофены хэрэглээгээ багасгах, мөн хэт хүйтэн уух зүйл болон согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх,
- Гэртээ болон албан өрөө, тасалгаа, буудаллах зочид буудлын өрөөндөө агаар сэлгэлтийг тогтмол хийх,
- Хөвөн, даавуу зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн цайвар өнгийн хувцас өмсөж, малгай, нарны шил тогтмол хэрэглэх,
- Нарны тос түрхэж, арьсаа наранд түлэгдэхээс хамгаалах,
- Биед хүнд ачаалал өгөх, дасгал хөдөлгөөнөөс аль болох зайлсхийх зэрэг болно.
Иргэд Та бүхнийг өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн байгууллагад хандах, суугаа болон зорчиж буй оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.
Та амьдарч буй болон зорчих Европын орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://www.consul.mn/news/c/162
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Үйл явдал
Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн гуравдугаар шатны хурал Орхон аймагт боллоо
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурал Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Төлөвлөлтийн хурлыг Монголын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Ц.Төрмөнх, Оросын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч генерал В.А. Белявский нар хамтран удирдан явуулжээ.
Хурлаар “Сэлэнгэ-2026” хамтарсан хээрийн сургуулийн зохион байгуулалт, сургалтын сэдэв, зорилго болон боловсруулсан төлөвлөгөө, холбогдох асуудлуудыг эцэслэн хэлэлцэж, талууд харилцан тохиролцон баталгаажуулсан байна.
Мөн ОХУ-ын ажлын хэсгийн төлөөлөгчид хамтарсан сургууль зохион байгуулагдах газар оронтой танилцжээ.
Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургууль нь хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд энэ жилийн сургуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Хурлын төгсгөлд хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид гаргасан шийдвэрүүдээ нэгтгэн баталгаажуулж, хурлыг ахалсан удирдлагууд хамтарсан протоколд гарын үсэг зурлаа.
Үйл явдал
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны X дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 сумын 38 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа нийтлэг үүргээ биелүүлээгүй найман аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох торгуулыг ногдуулаад байна. Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Орон нутгийн хэмжээнд Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалаа. 65 нь үйл ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, зургаан аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, найман аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Одоогийн байдлаар нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 буюу нийт 883 зөрчил илрүүлэн, гэмт хэргийн шинжтэй 17 үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоож, улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой юм.


-
Үйл явдал2021/09/27
Улаанбаатар өдөртөө 17 хэм дулаан
-
Үйл явдал2024/03/05
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
-
Үйл явдал2026/05/29
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР сис...
-
Дэлхий нийтээр..2020/09/21
Ерөнхийлөгч Х.Баттулга Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
