Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.Болд-Эрдэнэ: “20 минутын хот”-ын төлөвлөлтийг ногоон орон сууцаар шийдэж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн зохицуулагч Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ногоон орон сууц төслийн гүйцэтгэл, явц ямаршуу хувьтай явж байна вэ?

-Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвд эхний ээлжийн 800 айлын орон сууцыг олон улсын ногоон барилгын стандартыг мөрдөн, гүйцэтгэж байна. 800 айлын орон сууцны төсөл 2023-2025 оны хооронд хэрэгжиж дуусна. Дараагийн шатны төслөө Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын санхүүжилттэйгээр гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Ногоон орон сууцны сан байгуулж, 4188 айлын орон сууцыг барина. Нийтдээ 5000 айлын иж бүрэн ногоон орон сууц барьж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Улаанбаатар хотод ногоон орон сууц барих суурь нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Улаанбаатар хотын хөгжлийн түүчээнээс харахад анхны ерөнхий төлөвлөгөө 1954 онд гарсан байдаг. Өнөөдөр бид Улаанбаатар хотын тав дахь ерөнхий төлөвлөгөөг 2013 онд боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрдөг. Үүнийг дагаж 200 мянга гаруй өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Гэр хорооллын өрхүүд дэд бүтцийн хүртээмжгүй, агаар, хөрсний бохирдолтой орчинд амьдарч байгаа юм.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд 2016 онд Парисын конвенцийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Парисын конвенцид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй байх гэсэн үндсэн зарчим тусгасан байдаг.

Монгол Улс 2022 он хүртэл Ногоон барилгын стандартгүй, зөвхөн үзэл баримтлалтай байсан. Тиймээс 2019-2022 оны хооронд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр БХБЯ, ЭХЯ хамтран Ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлсэн байдаг. Энэ үнэлгээний системийг нэвтрүүлснээр Монгол Улсад ногоон барилга барих үндсэн суурь тавигдсан. Манай төслийнхөн ногоон барилгын үнэлгээ, стандартыг боловсруулах хөгжүүлэлтэд орж ажилласан. Өнөөдөр манайд ногоон барилгыг үнэлэх EDGE стандарт нэвтрээд байна.

-Улаанбаатар хотыг “Нэг төвт хотоос олон төвт хот” болгох ерөнхий төлөвлөгөөнд ногоон барилгын стандартыг түлхүү тусгасан уу?

-Тийм ээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг “Нэг төвт хотоос олон төвт хот” болгох концепци байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 11 дэд төвтэй болгохоор тусгасан байдаг.

Ногоон орон сууц төсөлтэй зэрэгцэн АХБ, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл” хэрэгжиж байна. Энэ төсөл нь дэд төвүүдийн суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламж буюу сургууль, цэцэрлэгийг барих юм. Өнөөдрийн байдлаар хамгийн эхэнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийг 100 хувь гүйцэтгэж дууссан.

-Ногоон орон сууц нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Ногоон орон сууц баригдсанаар бодитоор 8000 яданг буулгана, 5000 нүхэн жорлон байхгүй болно, 3500 ажлын байр бий болно. 33.3 га талбар дээр 5000 айл, 120 мянган ам.метр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 16 км явган хүний зам бий болох зэргээр нийгэмд эерэг нөлөөлөл ихтэй.

-Ногоон барилгын онцлог, эрчим хүчний хэмнэлтийн талаар тодотгохгүй юу.

-Өнөөдөр бидний амьдарч байгаа орон сууцны нэг ам.метр талбайд жилд 270-280 квт/цаг эрчим хүч зарцуулдаг. Тэгвэл ногоон орон сууц жилд нэг ам.метр талбайд 150 квт/цаг эрчим хүч зарцуулахаар зорьж байгаа юм. Өнөөдөр бидний барьж байгаа ногоон орон сууцны ТЭЗҮ-д жилд нэг ам.метр талбайд 105 квт/цаг зарцуулна гэж тооцоолон гаргасан байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүжүүлэгч байгууллага Уур амьсгалын ногоон сан, АХБ-ны өмнө хүлээсэн үүргээ дээрх үзүүлэлтээр бүрэн хангасан. Мөн ногоон орон сууцны төсөл нь сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашиглаж байна. Ингэснээр эрчим хүч, дулаан, ус ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах тооцоололтой.

-Зах зээлийн ханштай харьцуулахад ногоон орон сууц хэр өртгөөр босож байна вэ?

Бидэнд ногоон орон сууцыг барихад өртөг зардал өндөр болох вий гэсэн болгоомжлол байлаа. Нөгөө талдаа бага, дунд орлоготой иргэдээ яаж орон сууцжуулах вэ гэсэн зорилттой тулгарсан. Ингээд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг экспертүүдтэй хамтарч ажилласан. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа болон импортын барилгын материалын үнийн өсөлтийн судалгааг хийлээ. Учир нь ковидын үед дотоодын болон импортын барилгын материалын үнийн өсөлт өндөр байсан. 2022 оны есдүгээр сард манай анхны баригдаж байгаа барилгын ам.метрийн босго өртөг 2 сая 650 мянга төгрөг гэж улсын экспертизийн магадлалын үнэлгээ гаргасан байдаг.

Гэтэл өнгөрсөн 2023 онд барилгын ам.метрийн босго өртөг 2 сая 550 мянган төгрөг болж 100 мянган төгрөгөөр буурсан байлаа. Энэ онд улсын экспертизийн магадлалаар орсон зураг төсөв ам.метр нь 2 сая 400 мянган төгрөг болж буурчээ. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж байгаа орон сууцны барилгын ам.метрийн босго үнэ 2 сая 200-аас-2 сая 300 мянгад байна. Тиймээс манай төсөл олон улсын ногоон барилгын шаардлага хангаад, төсөв нь хүрэн барилгын босго үнэтэй өрсөлдөхүйц ханштай байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвартай дүйхүйц боломжийг бүрдүүлж байгаа юм.

Бид Баянхошуу дэд төвийн эхний үе шатны 20 га талбар дээр нийгэм, эдийн засгийн суурь судалгаагаа хийгээд дууслаа. Иргэдийн өмчийн газар болох үл хөдлөх хөрөнгийг үнэлэх үнэлгээг айл бүр дээр хийлээ. Ингэснээр газрын үнэлгээ өсөж байгаа юм. Энэ нь иргэдийн орлогод нийцсэн гэх тодотгол руугаа дөхөж очиж байна.

-Ногоон орон сууцны технологид өндөр шаардлага тавьж байсан. Манайд стандартын шаардлага хангасан барилгын материалын олдоц хэр байсан бэ?

-Барилгын материалыг үйлдвэрлэхэд зарцуулж байгаа эрчим хүч нь хэмнэлттэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Дулаалгад шилэн хөвөн, хөөсөнцрийг ашиглахыг хориглодог. Шилэн хөвөнг үйлдвэрлэхийн тулд эрчим хүч их зарцуулдаг, хөөсөнцөр гал дэмждэг гээд шаардлага хангадаггүй. Тиймээс ногоон орон сууцны шаардлагыг хангахын тулд хөөмөл шилэн хөвөнг анх удаа Монголд нэвтрүүллээ. Барилгын компаниуд үүнд маш идэвхтэй хамтран ажиллаж байна.

Паркетан шал гэхэд цэвэр модон, вакуум цонх гурван давхар шиллэгээтэй гээд деталь бүр дээр ногоон стандартыг ханган, олон улсын сертификат авч байна. Ногоон стандартыг хангасан эдгээр ажлын зурагтай болсноороо нийслэлд маань олон улсын санхүүжилт татах техникийн шатны асуудал бүрэн шийдэгдсэн гэж үзэж байна.

-Иргэд ногоон орон сууцад хэрхэн хамрагдах вэ?

-Энэ төслийн хүрээнд бид нэгдүгээр ээлжид ашиглалтад орох 800 айлын орон сууцыг иргэдийн газраар солино. Ингэснээр төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлэх суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Дэд төвүүдийн айл өрхийн газар, үл хөдлөхийн үнэлгээ нэгэнтээ хийгдсэн. Тиймээс газраа ногоон орон сууцаар солих нөхцөл бүрдэж байгаа юм. Мэдээж, газраа орон сууцаар солиход зөрүү үүсвэл дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбар авч өрхийн бизнесээ үргэлжлүүлээд явах бүрэн бололцоотой.

-Тухайлбал, Баянхошуу дэд төвийн эхний ээлжид ашиглалтад орох орон сууцны барилгын талбайгаас хэдэн айлын газрыг чөлөөлсөн бэ?

-Манай төслийн хувьд орон сууцны барилга дээд тал нь тав хүртэл давхартай, харагдах орчин, бүх зүйлдээ хүртээмжтэй байхаар төлөвлөгдсөн. Баянхошууны 5.6 га газрыг 2019-2021 онд НОСК-аас газрыг орон сууцаар солих хөтөлбөрийн хүрээнд 96 өрх газраа чөлөөлөөд нүүж, орон сууцанд орсон. Энэ 96 өрхийн газар дээр бид 462 айлын ногоон орон сууцыг олон улсын стандартын дагуу иж бүрэн төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлж байна. Энэхүү 462 айлын ногоон орон сууцаар барилгажих дараагийн 20га талбайг чөлөөлөхөөр ажиллаж байна.

-Ер нь нэг га-д хэчнээн айл байх норм стандарттай байдаг вэ?

-Гэр хороололд дэд бүтэц татахаар айлууд өөрсдөө халуун, дулаанаа шийднэ гэж зарим хүмүүс ярьдаг. Гэр хорооллын нэг га-д ногдох хүн амын нягтрал 70 хүн гэсэн тоо байна. Үүнд суурь дэд бүтэц хийнэ гэвэл үр ашиггүй.

Гэтэл нөгөө талдаа Улаанбаатар хотод зарим газар нэг га талбайд ногдох хүн ам нь 22 мянга хүрч байна. Тэнд сургууль, цэцэрлэг яригдахгүйгээр бетонон ширэнгэ үүссэн. Явган хүний зам, автомашины зогсоол ч багтахгүй. Тиймээс XXI зуунд зохицох зөв төлөвлөлт нь нэг га-д ногдох хүн амын нягтралыг 300-400 хүнээр тооцож байна.

-Засгийн газраас дэвшүүлсэн “20 минутын хот” зорилт дэд төвүүдэд хэрхэн тусаж байна вэ?

- Өмнө хэлсэнчлэн 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг 11 дэд төвтэй болгохоор тусгасан байдаг. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “20 минутын хот” концепци ч үүнд багтсан ба иргэн ямар нэг нийтийн тээвэр, автомашин хэрэглэхгүйгээр тухайн орчиндоо нийгмийн үйлчилгээгээ 20 минутад авах бодит нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Тухайлбал, Баянхошуу дэд төвийн ногоон орон сууц төслийн эргэн тойронд сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээний байгууллага 500 метрийн радиус дотор байршиж байна. Жишээ нь Баянхошууны бизнес инкубатор төвөөс иргэд төрийн 170 төрлийн үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн.

Мөн Уур амьсгалын ногоон сангаас хотхоны нийт төлөвлөлтийн 40 хувьд ногоон байгууламжтай байна гэсэн шаардлагыг тавьдаг ба иргэдэд ногоон байгууламжийг ойртуулснаар иргэд эрүүл орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэж байна.

Зөв төлөвлөлт, зөв шийдлийг бий болгоход богино хугацаа шаардагдахгүй байна. Төр, засгийн зөв бодлого, иргэдийн дэмжлэг, инженер, техникийн ажилтан, боловсон хүчний чадавх гээд урт хугацаа шаардагдаж байна.

-Ногоон орон сууцны стандарт нэвтэрснээр барилгын салбарын хөгжилд ямар ахиц дэвшил гарч байна вэ?

- Манайх АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл. Төслийн инженер, техникийн ажилтнууд Австрали, Япон, Солонгос, Америк зэрэг гуравдагч орнуудад суралцаж төгссөн залуус байдаг. Залуус маань гадаадад сурсан мэдлэг, туршлагадаа үндэслэн ногоон орон сууцны олон улсын стандартын шаардлага хангасан орон сууцны барилгыг анх удаа барьж байгуулж байна.

Ногоон орон сууцны стандартыг нэвтрүүлснээр Монгол Улсын барилгын салбар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, энэ салбарын хүлэмжийн ялгарал багасна. Түүнчлэн иргэдийн бодит хэрэглээг хянах ухаалаг удирдлагын систем суурилуулснаар цаашид жишиг туршлага болж, дараа дараагийн ногоон төслүүдийг түүчээлж, үр дүн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжинэ. Эцэст нь салбарын түвшинд инженер, техникийн ажилчид чадавхжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэнэ.

-Ирээдүйд гэр хорооллыг бүрэн орон сууцжуулах шийдэл бүрдсэн үү?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийн 158 га газар дээр 12 мянган айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл дээр мөн л дээрх техник, стандартын шаардлага тавигдана. Энэ нь гэр хороололд 16-20 давхар орон сууц баригдахгүй гэсэн үг юм. Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын уулын энгэр хэсэг хот төлөвлөлт талаасаа харагдах орчин сайтай бүс. Тиймээс гэр хорооллыг ирээдүйд орон сууцны хороолол болно гэдэгт итгэл төгс байна.

Н.Энхбат

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Огноо:

,

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар  ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. 

Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.

Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав. 

Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

Огноо:

,

E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө. 

Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо. 

“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа  илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв. 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал5 цаг 34 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Үйл явдал5 цаг 46 минут

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Хэн юу хэлэв...6 цаг 14 минут

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Үйл явдал6 цаг 19 минут

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Хэн юу хэлэв...6 цаг 22 минут

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Үйл явдал2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Хэн юу хэлэв...2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Үйл явдал2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Дэлхий нийтээр..2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Үйл явдал2026/11/02

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооц...

Үйл явдал2026/11/02

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын а...

Үйл явдал2026/11/02

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэл...

Үйл явдал2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Үйл явдал2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Үйл явдал2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Үйл явдал2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Үйл явдал2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Үйл явдал2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Хэн юу хэлэв...2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Үйл явдал2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Үйл явдал2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Үйл явдал2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Үйл явдал2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Үйл явдал2026/10/29

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Үйл явдал2026/10/29

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Үйл явдал2026/10/29

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Үйл явдал2026/10/29

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Дэлхий нийтээр..2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Санал болгох