Үйл явдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв жилд 5000 орчим хүнд үйлчилгээ үзүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ.
Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, түгээмэл загвар бүхий 4112 м.кв талбайтай 8 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогчдод үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, инновацыг нэвтрүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулна.
Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх;
Ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах;
Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх;
Эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхлэхэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
Сэргээн засах /хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал гэх мэт/ үйлчилгээ үзүүлэх;
Ажилд зуучлах;
Ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээ;
Бизнес инкубацийн үйлчилгээ.
Ажил олгогчдод чиглэсэн:
Ажлын байрны хүртээмжийг сайжруулах, тохируулга хийх;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн зохицуулалт, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгөх;
Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.
Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд:
Хөгжлийн бэрхшээл судлал;
Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, статистик;
Туслах технологи, мэдээллийн технологи, инновацийг хөгжүүлэх гэх мэт.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ нь цогц дэмжлэг, нийтлэг үйлчилгээ гэсэн үндсэн хэлбэртэй байх ба мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
Жилд 5000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн, ажил олгогчид үйлчилгээ үзүүлэх юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
- Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
- Наадамчдын замын явган хүний гүүр
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр
Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.
Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.
Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.
Үйл явдал
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.
Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.
-
Дэлхий нийтээр..2021/06/16
Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна
-
Чөлөөт бүс2019/12/23
“Харшийн сүлд модны наадам” боллоо
-
Чөлөөт бүс2021/12/14
Hello Mr Billionaire /Монгол хэлээр/
-
Дэлхий нийтээр..2023/09/19
Ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан 4 ялтны ...
