Үйл явдал
Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.
63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Үйл явдал
Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
- Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
- Наадамчдын замын явган хүний гүүр
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр
Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.
Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.
Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.
Үйл явдал
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.
Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.
-
Үйл явдал2022/08/23
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
-
Дэлхий нийтээр..2025/09/25
ЗГ: "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төслийг хэлэлцэн дэмжив
-
Дэлхий нийтээр..2023/09/18
Төмрийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ
-
Дэлхий нийтээр..2021/03/23
Эрх мэдлийн төлөө аргаа барсан Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч дахин б...
