Дэлхий нийтээр..
Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм. Энэ талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэв.
Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,
- Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,
- Мотоцикл
- Механизм
- Зүтгүүр
- Чиргүүл
- Цистерн
- Тусгай зориулалтын автомашин
- Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.
Ташрамд, автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмын дагуу гурван жил болон түүнээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 57 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан ба эдгээрийн дугаарыг шалгуур үзүүлэлт хангасан автотээврийн хэрэгсэлд шилжүүлэн өгөх боломжтой. Мөн Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр нийслэл хотод техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орох хугацаа хэтэрсэн Улаанбаатар хотын бүртгэлийн дугаартай 81,961 тээврийн хэрэгсэл байгаа аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
ФИФА кибер халдлагад өртөж, мэдээлэл алдагджээ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) кибер халдлагад өртөж, хувь хүний болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн болохыг арваннэгдүгээр сарын 26-нд мэдэгдлээ. Тус холбоо хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Халдлага хэзээ болсон, хэдэн хүн, байгууллага өртсөн, яг ямар мэдээлэл алдагдсаныг ФИФА дэлгээгүй байна. Мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн эсэхийг ч тодруулаагүй.
Хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр халдлагад ФИФА-гийн хадгалж буй нийт өгөгдлийн 0.1 хүрэхгүй хувь өртжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээг хариуцах нэгж байгуулж, хувь эзэмшлийг нь хувийн хөрөнгө оруулагчдад худалдах тухай зогсоосон төслийн баримтад халдагчид нэвтрээгүй гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Өмнөд Солонгосын төв банк үнийн өсөлтийг сааруулахаар бодлогын хүүгээ нэмлээ
Өмнөд Солонгосын төв банк арваннэгдүгээр сарын 26-нд бодлогын хүүгээ 3 хувиас 3.25 хувь болгож нэмлээ. Тус улсад аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөж, төв банкны 2 хувийн зорилтоос давжээ. Энэ нь тус банк долоодугаар сараас хойш бодлогын хүүгээ гурав дахь удаагаа нэмсэн шийдвэр юм.
Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө мөн дээшлүүлэв. Өмнөд Солонгосын эдийн засаг 2026 онд 3.9 хувь, 2027 онд 4.1 хувиар өснө гэж тооцжээ. Наймдугаар сард энэ хоёр үзүүлэлтийг 3.3 болон 2.9 хувь байхаар төсөөлж байсан юм. Хиймэл оюуны салбарт ашигладаг чипийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн экспорт өссөн нь төсөөллөө нэмэх гол үндэслэл болжээ.
Экспорт өсөж байгаа ч эрчим хүчний өндөр үнэ инфляцыг зорилтот түвшнээс дээгүүр байлгах төлөвтэй байна. Төв банк 2027 оны инфляцын төсөөллөө 2.3 хувиас 2.4 хувь болгон нэмэгдүүлжээ. Мөн Сөүл болон нийслэл орчмын бүсэд орон сууцны үнэ өсөж байгаа нь өрхийн өрийг цааш нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.
Дэлхий нийтээр..
Йордан терроризмтой холбоотой гэмт хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэж байна
Йорданы парламентын доод танхим терроризмтой тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг арваннэгдүгээр сарын 25-нд Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ. Тус улсын өмнөд хэсгийн Карак мужид сүмд халдаж, есөн хүний амь хохирсны дараа уг төслийг хэлэлцэж байна.
Засгийн газрын дэмжсэн төслөөр терроризмтой холбоотой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 10 жил, зарим тохиолдолд 15 жил болгохоор тусгажээ. Хамгийн хүнд гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэвээр үлдээнэ. Байнгын хороо төслийг хянасны дараа доод танхим дахин хэлэлцэж, санал хураана. Дэмжвэл Сенатад шилжүүлж, Сенат баталсан тохиолдолд хаанаар батламжлуулах юм.
Аравдугаар сарын 23-нд Карак мужийн Хамуд тосгоны Грекийн үнэн алдартны сүмд оршуулгын ёслол болж байх үеэр халдлага гарчээ. Йорданы Улсын аюулгүй байдлын шүүх уг хэрэгт гурван хүнд цаазаар авах ял оноосон байна.
Доод танхимын тэргүүн дэд дарга Аятолла Фрейхат төслийн зарим заалтыг шүүмжилжээ. Тэрбээр "нийтийн хэв журам алдагдуулах", "нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах" гэх өргөн утгатай хэллэгийг терроризмын тодорхойлолтод ашиглавал үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэж үзсэн байна.
-
Үйл явдал2024/05/08
Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто ...
-
Үйл явдал2021/11/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Хэн юу хэлэв...2021/10/21
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг ...
-
Чөлөөт бүс2020/11/09
Оньсого мэт Чөтгөрийн тэнгис...
