Тод мэдээ
Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан:
-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,
-Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,
-Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,
-Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна.
Тод мэдээ
Төрийн, хувийн хэвшлийн инженерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Тод мэдээ
АНУ-ын Калифорнийн бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ-ын Калифорнийн бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сан Францискогийн булангийн бүс нутгийг хамарсан цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх дохиолол ажиллажээ.
АНУ-ын Цунамигаас сэрэмжлүүлэх төвийн мэргэжилтнүүд Калифорнийн Эврикагийн ойролцоох далайн эрэгт 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа пүрэв гарагийн үдээс хойш Калифорниа болон Орегон мужуудад цунамигийн сэрэмжлүүлгийг цуцаллаа.
Газар хөдлөлт пүрэв гарагт орон нутгийн цагаар 10:44 цагт болсон. Газар хөдлөлтийн байршил, чиг баримжаа нь цунами үүсгэж болзошгүй гэсэн түгшүүрийг сэрэмжлүүлсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн цунами үүсэх эрсдэл бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн Канадын баруун эрэгт цунамигийн сэрэмжлүүлэг одоогоор бүртгэгдээгүй байна. АНУ-ын Геологийн алба (USGS) эхний газар хөдлөлтийн дараах хэдэн цагийн дотор хамгийн багадаа 18 удаа 2.7-аас 4.3 баллын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн талаар мэдээлжээ.
Ирэх өдрүүдэд, долоо хоногт газар хөдлөлтийн дараах газар хөдлөлтийн чичирхийллийн тоо хэдэн зуугаар нэмэгдэх магадлалтай аж.
Тодруулбал, ирэх долоо хоногт 5 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 34 хувьтай байгааг АНУ-ын Геологийн албанаас /USGS/ мэдээлж байна.
Эврика хотын нутаг, газар хөдлөлтийн голомттой хамгийн ойр орших Хумбольдт мужид газар хөдлөлт болсны дараах эхний 3 цагийн дотор 10,000 орчим хэрэглэгч цахилгаангүй болсон тухай PowerOutage.US цахим хуудсанд мэдээлсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
АТГ: Хууль зөрчсөн журмыг хүчингүй болгуулав
Авлигатай тэмцэх газраас Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага, зарим албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах асуудлаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/27 дугаар тушаалаар “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг шинэчлэн баталж, театрын үзвэр үйлчилгээний санал /үнэлгээ/, тайз, талбай ашиглалтын тарифыг тогтоон мөрдүүлэхдээ Соёлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн байв.
Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчил давтан гарахгүй байх чиглэлээр Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуягийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 тоот тушаалаар хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээ аван Зөвлөмжийн хэрэгжилтийг хангасан байна гэж АТГ-аас мэдээллээ.
-
Тод мэдээ2020/09/17
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулз...
-
Тод мэдээ2020/08/13
Монгол, Германы хамтын ажиллагааны талаар хоёр тал санал солилцлоо
-
Тод мэдээ2022/09/27
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
-
Тод мэдээ2024/02/05
С.Батдөл нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо