Тод мэдээ
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Тод мэдээ
Төрийн, хувийн хэвшлийн инженерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Тод мэдээ
АНУ-ын Калифорнийн бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ-ын Калифорнийн бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сан Францискогийн булангийн бүс нутгийг хамарсан цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх дохиолол ажиллажээ.
АНУ-ын Цунамигаас сэрэмжлүүлэх төвийн мэргэжилтнүүд Калифорнийн Эврикагийн ойролцоох далайн эрэгт 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа пүрэв гарагийн үдээс хойш Калифорниа болон Орегон мужуудад цунамигийн сэрэмжлүүлгийг цуцаллаа.
Газар хөдлөлт пүрэв гарагт орон нутгийн цагаар 10:44 цагт болсон. Газар хөдлөлтийн байршил, чиг баримжаа нь цунами үүсгэж болзошгүй гэсэн түгшүүрийг сэрэмжлүүлсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн цунами үүсэх эрсдэл бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн Канадын баруун эрэгт цунамигийн сэрэмжлүүлэг одоогоор бүртгэгдээгүй байна. АНУ-ын Геологийн алба (USGS) эхний газар хөдлөлтийн дараах хэдэн цагийн дотор хамгийн багадаа 18 удаа 2.7-аас 4.3 баллын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн талаар мэдээлжээ.
Ирэх өдрүүдэд, долоо хоногт газар хөдлөлтийн дараах газар хөдлөлтийн чичирхийллийн тоо хэдэн зуугаар нэмэгдэх магадлалтай аж.
Тодруулбал, ирэх долоо хоногт 5 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 34 хувьтай байгааг АНУ-ын Геологийн албанаас /USGS/ мэдээлж байна.
Эврика хотын нутаг, газар хөдлөлтийн голомттой хамгийн ойр орших Хумбольдт мужид газар хөдлөлт болсны дараах эхний 3 цагийн дотор 10,000 орчим хэрэглэгч цахилгаангүй болсон тухай PowerOutage.US цахим хуудсанд мэдээлсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
АТГ: Хууль зөрчсөн журмыг хүчингүй болгуулав
Авлигатай тэмцэх газраас Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага, зарим албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах асуудлаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/27 дугаар тушаалаар “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг шинэчлэн баталж, театрын үзвэр үйлчилгээний санал /үнэлгээ/, тайз, талбай ашиглалтын тарифыг тогтоон мөрдүүлэхдээ Соёлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн байв.
Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчил давтан гарахгүй байх чиглэлээр Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуягийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 тоот тушаалаар хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээ аван Зөвлөмжийн хэрэгжилтийг хангасан байна гэж АТГ-аас мэдээллээ.