Тод мэдээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашин хүлээлгэн өглөө
Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардуулан өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо.

Энэ хүрээнд “ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны “ISUZU” маркийн хоёр тоннын багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, хүн тээврийн “IVECO” маркийн 11 хүний суудалтай зургаан автомашин, эмнэлгийн зориулалттай “KIA” маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон хоёр автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан, хүлээлгэн өгсөн юм.

Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хүрээнд алба хаагчдын хувцас хэрэглэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, техник тоног төхөөрөмжид анхаарч ажилласны үр дүнд 2020 оны суурь түвшингөөс шуурхай албаны автомашины хангалт 76 хувь, гал унтраах автомашины хангалт 55 хувь, туслах албаны автомашин хангалт 25 хувь,хүнд даацын машин механизмын хангалт 38 хувь, тусгай зориулалтын аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 128 хувь, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 260 хувь, өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 120 хувь, агаараас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь төр засгийн зүгээс Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүн юм. Цаашид алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, орчин цагийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлж, олон улсад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тод мэдээ
Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм.

Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн зохиомол, хуурамч нөхцөл байдалд авталгүй өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернет банкинд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ харилцан нотлов.
Энэ хүрээнд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байгааг онцоллоо.
Монгол Улс, АНУ-ын харилцаанд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын усны хангамж 80 хувиар нэмэгдэх хоёр дахь Компакт гэрээ онцгой байр суурь эзэлдгийг талууд тэмдэглээд, уг төсөл амжилттай хэрэгжиж энэ оны 3 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид манай улсын стратегийн ач холбогдолтой салбарт дахин шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц, бололцооны талаар санал солилцов.
Тод мэдээ
ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөл нь 2016 оноос хойш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг салбар зөвлөлтэйгөөр ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Б. Ундрал 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн хангамж цалингийн нэмэгдэлтэй холбоотой нийтлэг асуудлуудаа танилцуулав. Мөн уулзалтад оролцогч захирлуудын төлөөлөл өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.
Сайд, хувьсах зардлын итгэлцүүр болон орон тооны бүтэц, норм нормативыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж буйгаа дурдаад, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн санхүүжилт дутуу орсон гэх асуудлыг шалгуулж байгаа, яаралтай арга хэмжээ авч нөхөн олгоно гэв.
