Дэлхий нийтээр..
“Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээн байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг СХД-т барих бөгөөд тус дүүргийн 34 дүгээр хороонд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг нийслэлээс шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус төвийн зураг төслийн ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “ХСҮТ-ийг анх Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхад байгуулж байсан бол өдгөө нийслэл хотод 1.8 сая хүн амьдарч, ажиллаж байна. Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд одоо байгаа эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс хавдрын эрт үед илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээ, судалгаа шинжилгээ явуулах эрүүл мэндийн цогцолбор төвийг барихад шаардлагатай газрыг шийдвэрлээд байна. Тодруулбал, СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын аманд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг шийдвэрлэсэн. Тус төвийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд нийслэлээс эмнэлгийн гадна тохижилтын ажил болон эмнэлэг хүртэлх авто замыг өргөсгөх ажлуудыг хийнэ” гэдгийг онцлов.

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв ашиглалтад орсноор одоо байгаа төвийн ачаалал буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3-4 дахин нэмэгдэх боломжтой болох юм. Тус төв нь дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэх бөгөөд нийт 600 ортой байх юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг ашиглан энэхүү төслийг урагшлуулах бодолтой байна” гэдгийг хэлж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
