Тод мэдээ
Улаанбаатар хотод 2040 он хүртэл 17.000 км авто замыг шинээр барина

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр иргэдийн амьдрах нөхцөл болон авто замын сүлжээнд дараах үр дүн гарна. Тухайлбал,
- Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 9 хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрахаар төлөвлөсөн.
- Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.
- Авто замын сүлжээний бүтцийг хэвтээ 8, босоо 12, тойрог 3 замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 17.000 км замыг шинээр байгуулна.
- Оргил ачааллын үеийн дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.
- Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.