Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2025 оны нэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 14, 15-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцлээ
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэх асуудлаар өнөөдөр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Дэлхийн банк, эм зүйн салбарын мэргэжлийн болон төрийн бус байгууллага, эм үйлдвэрлэгч, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангийн төлөөллүүд оролцож, шинэчлэлийн асуудлаар санал солилцов.
Уулзалтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой зохицуулалт болон эмийн жагсаалтыг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журамд оруулах гол өөрчлөлт, шинэчлэлийн талаар талуудад мэдээлэл өглөө. Мөн “Эмийн жагсаалт”-ыг шинэчлэх төслийг танилцуулж, эмийн нэр төрөл, жагсаалтад оруулах болон хасах эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар “Хөнгөлөлттэй эмийн хувьд баримтлах бодлого, журам, цаашлаад үнийг хэрхэн тогтоох, олон улсын арга, аргачлалтай хэр нийцэж байгаа, тэдгээрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлаар бүх оролцогч талын байр суурь, санал, мэдээлэл үнэ цэнтэй. Бид юун түрүүнд даатгуулагчийн эрх ашиг, эмийн хүртээмжийг бодолцохын зэрэгцээ эмийн салбарын оролцогчдод бодитой, хэрэгжих боломжтой зохицуулалт бий болгохыг зорьж байна” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцсон талууд эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, зохицуулалтын хэрэгжилт, эмийн хүртээмж, үнэ, чанар болон салбарын оролцогч талуудын уялдаа холбооны талаар санал, зөвлөмжөө хуваалцлаа. Оролцогч талуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх боломжтой саналуудыг тогтоолын төсөлд тусган боловсруулна.
Улмаар шинэчилсэн тогтоолын төслийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргах юм гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Үйл явдал
Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт хангахыг зөвлөж байна
Ирэх есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.
Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг ХХААХҮЯ-наас зөвлөж байна.
Үйл явдал
COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP-17 үргэлжилж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар уг арга хэмжээний ногоон бүсэд “Говийн гайхамшигт -6” санаачилга болон Монгол орны Улаан дансыг танилцууллаа.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г 2016 онд санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм. Энэ талаар тус байгууллагын мэргэжилтнүүд танилцууллаа.
Зэрлэг амьтдад зориулсан худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр олон ажил хийжээ. Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болжээ.
Түүнчлэн Монгол Улс хөхтөн, хэвлээр явагч, хоёр нутагтан, загас гэсэн дөрвөн том бүлгийн хүрээнд IUCN-ийн Улаан дансны улсын хэмжээний хоёр дахь иж бүрэн дахин үнэлгээг 19 жилийн дараа хийж гүйцэтгэлээ. Энэ нь зэрлэг амьтдын талаархи шинжлэх ухааны суурь мэдээллийг сайжруулах, нэн ховордсон зүйлийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Дахин үнэлгээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Их Сургууль, үндэсний судлаачид болон хараат бус шинжээчидтэй хамтран хийсэн юм. Энэ удаад Монгол Улс 249 зүйлийг дахин үнэлжээ.
-
Дэлхий нийтээр..2020/07/17
Даланзадгад сумын "Ногоон хэрэм"-ийн 2-р талбайд "Хүлэмжийн аж ах...
-
Үйл явдал2023/02/06
Газрын багц хуулийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болно
-
Дэлхий нийтээр..2020/09/25
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба
-
Үйл явдал2021/11/29
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
