Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтлаа.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Хоёр улс 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн.

Монгол Улс, БНТУ Иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд 1998, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д, Туркийн талаас 1995 онд Ерөнхийлөгч С.Демирел, 2002 онд Ерөнхийлөгч А.Н.Сезер Монгол Улсад айлчилж байжээ.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
Дэлхий нийтээр..
АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжээ
АНУ-ын Миннесота мужийн 30 гаруй усан хангамжийн систем долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд кибер халдлагад өртжээ. Холбооны мөрдөх товчоо халдлагын эх үүсвэрийг тогтоохоор шалгаж байгаа боловч хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Миннесота мужийн Мэдээллийн технологийн албанаас мэдээлснээр халдлагуудын хугацаа болон онилсон төхөөрөмжүүдэд ижил төстэй шинж ажиглагдсан ч бүгдийг нэг этгээд үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байна. Халдлагын ихэнх нь усан хангамжийн тоног төхөөрөмжийг алсаас хянах, удирдах системүүдийг онилжээ. Гэхдээ халдлагад өртсөн бүх газрын усан хангамж тасалдаагүй бөгөөд иргэдийн ундны усны чанарт нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй аж.
Миннеаполис хотоос хойд зүгт орших 1700 орчим хүн амтай Брахам хотын ус цэвэршүүлэх байгууламж долоодугаар сарын 27-ны даваа гарагт хэдэн цагийн турш ажиллагаагүй болсон байна. Халдагчид худаг болон ус цэвэршүүлэх байгууламжийг удирдах системийг унтраасан тул хотын захиргаа иргэдийг усаа хэмнэхийг хүсжээ. Энэ хугацаанд хэрэглээг усан цамхагт нөөцөлсөн усаар хангасан бөгөөд усны чанарт асуудал гараагүй байна.
Харин 80 мянга орчим хүн амтай Плимут хотод усан хангамжийн дэд бүтцийн холбоо тасарсан ч ажилтнууд системийг хэвийн ажиллуулжээ. Холбоог долоодугаар сарын 28-ны мягмар гарагийн үдээс хойш сэргээсэн бөгөөд усны түвшин болон чанарт өөрчлөлт гараагүй байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон бусад байгууллага өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой хакерууд ус, бохир усны систем болон чухал дэд бүтцийн удирдлагын төхөөрөмжүүдийг онилж байгааг анхааруулжээ. Гэхдээ Миннесота мужид гарсан халдлагыг Ирантай холбоотой этгээдүүд үйлдсэн гэх албан ёсны нотолгоо одоогоор гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
