Дэлхий нийтээр..
ТББХ: “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс өргөдөл ирүүлэх www.d-urgudul.parliament.mn цахим системд иргэн Н.Анхзаяагаас “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “...Нарансэвстэй боомтыг сэргээж, нээх..” гэсэн хэсгийг хасуулах” асуудлаар ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15:43:59 цагт ирүүлсэн ба 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:24:21 цагт нийтийн санал авахаар цахим системд нийтэлсэн байна.
Тус нийтийн өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар нийт 33037 иргэн дэмжсэн ба Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.3-т заасны дагуу ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.
Дараа нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав.
УИХ-аас 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2023 онд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, 2024 онд Хот, тосгоны эрх зүйн тухай байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан нь нийслэл хотын төвлөрлийг бууруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бүрдүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн гэлээ.
Нийслэл дэх хот тосгоны эдэлбэр газрын хэмжээ, зааг, бүсчлэлийг тогтоосноор хотжих боломжтой нутаг дэвсгэрийн газар ашиглалт сайжирч хяналттай төлөвлөлттэй суурьшил үүснэ гэж үзсэн байна.
Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалж агаар орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөжээ. Тухайлбал барилгажсан болон гэр хорооллын хэсэг дэд төвүүдэд хотын болон дүүргийн чанартай цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр байгуулснаар нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 5м2-аас 35м2 болгож 8 дахин нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлэхээр төлөвлөн тусгажээ. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулж, тухайлбал, метро зэрэг их багтаамжийн нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлж, 1738,8 км замыг шинээр байгуулж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурд цагт 9 км байгааг 25 км болгон нэмэгдүүлнэ гэж төлөвлөжээ.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Сэлбэ голын эх дээр хиймэл нуурыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ жил дахин таван хөв цөөрмийг Сэлбэ голын дээд эх дээр Нийслэлийн геодези, усны барилга байгууламжийн алба байгуулахаар ажлын зураг батлагдсан, хавар ажил нь эхлэх гэж байна. Ингэснээр бид хойд талаасаа эхлэлтэй үерийн усанд тохируулгууд хийх боломж бүрдэж байгаа.
Өнөөдөр хог хаягдлыг бол 98 хувийг дарж булшилж байгаа. Бид 34мвт-ын хог шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар сонгон шалгаруулалтыг хийх ажил эхлээд байна. Эхний төлөвлөгөөгөөр Морингийн даваанд 34мвт-ын хог шатаах үйлдвэрийг байгуулах гэрээ хэлцлийг энэ хавар дуусгана. Үйлдвэр баригдсанаар хогийг дарж булшлах технологиос шатаах технологи руу 100 хувь шилжиж, гаргасан эрчим хүчээ нийлүүлэх үнийн саналаа Диспетчерийн үндэсний төвтэй солилцоод байна гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
1.Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх асуудал;
2. Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
3.Төсвийн биелэлтийг хянан шалгах;
4.Хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
5.Хяналт шалгалтын бусад асуудал.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Байнгын хороод, дэд хороод болон Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд тусгах саналыг авахаар албан бичгийг хүргүүлэн санал авсан хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд 32 асуудлыг тусгаж боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ
Түүнчлэн Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна.” гэж, 5.4 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд хороо, хууль санаачлагчийн саналыг нэгтгэн Зөвлөлд танилцуулах бөгөөд Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид “тогтоолын төсөл” гэх/-ийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг батална.” гэж, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.” гэж тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, С.Замира, Б.Заяабал, Г.Лувсанжамц, С.Лүндэг, П.Мөнхтулга, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Б.Пунсалмаа, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нар ажиллажээ.
Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үед гишүүдийн асуусан асуулт, санал, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийн хүрээнд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал, 2 найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан 3 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулсан юм.
1.Хуулийн нэрэнд хот төлөвлөлтийг нэмж оруулах, зорилго, зарчмыг тодруулах, суурь шинжтэй үндсэн зарчмыг эрэмбэлэн тусгах;
2.Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн зохицуулалттай хуулийн төслийн зарим хэсгийг нийцүүлэх;
3.Хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд хотын удирдлагыг хэрэгжүүлэх Зөвлөл, Захирагчийг Засгийн газар томилох, чөлөөлөх зохицуулалтад зарим өөрчлөлт оруулах;
4.Хөрөнгө оруулалтын хэлбэр нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан байгаа тул тухайн хуулиар зохицуулах, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг, орон нутгийн дэмжлэгийн хэсгийг төслөөс хасах;
5.Хуулийн үйлчлэх хугацааг тухайн хотын оршин суугчийн тоо 10000-д хүрч хуулийн дагуу хотын Зөвлөл, Захирагч сонгогдох хүртэл хугацаанд үйлчлэх зэргийг хамруулжээ.
Хуралдаанаар ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
-
Үйл явдал2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ...
-
Үйл явдал2023/08/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно
-
Дэлхий нийтээр..2023/03/10
Н.Мандуул: Зээлдэгчидтэй холбоотой шүүх хурал процессын дагуу үргэлжилж байна
-
Тод зураг2019/12/02
Монгол эр хүний бахархал, сүр хүчийг бадраах “La Salute” эмнэлэг нээ...
