Дэлхий нийтээр..
Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байна.
Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Мөн баруун аймгуудын ихэнх сумдын нутгаар зудын нөхцөл байдал үүссэн, зүүн аймгуудын нутгаар хангалттай хэмжээний цасан бүрхүүл тогтоогүйгээс газар хуурай, хөрс хангалттай чийг хуримтлуулаагүй тул салхи шуургатай үед нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул малчид өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн зарим газраар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэрэг цас орж, зарим газраар салхи ширүүсч, явган болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2024/08/26
Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэр...
-
Дэлхий нийтээр..2022/11/14
Зохих зөвшөөрөлгүй олборлосон 336.3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаала...
-
Дэлхий нийтээр..2024/07/08
Найман жил тасраагүй зуурмаг “ХӨӨРХӨН” брэнд
-
Чөлөөт бүс2019/05/30
Никола Йокич дэлхийн аваргад тоглоно
