Хэн юу хэлэв...
Ч.Өсөхбаяр: Шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 163 байгууллагад хяналт шалгалт хийлээ
Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гадаадын иргэдийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар тодруулга авлаа.
-Гадаадын иргэн, харьяатын газраас коронавирусний эрсдлээс сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Манай урд хөршийн Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол илэрснээс хойш Монгол Улсын төр засаг болон төрийн холбогдох байгууллагуудаас уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр шат шатандаа тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Манай байгууллагын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, хилийн боомтоор нэвтрэх гадаадын иргэдийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хилийн хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, мөн шинэ коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв болон хилийн боомт, орон нутагт ажиллаж буй албан хаагчдыг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагын даргын 2 удаагийн албан даалгаврын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
-Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шинэ коронавирусний эрсдлээс урьдчилан сэргийлэх, гадаадын иргэдийн хяналтыг эрчимжүүлэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу нийслэлийнн 6 дүүрэгт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд болон тэдгээрт хамрагдаж буй гадаадын иргэдийн бичиг баримтад хяналт шалгалт явууллаа. Тус шалгалт хоёрдугаар сарын 13-20-ны өдрийн хооронд явагдсан бөгөөд шалгалтад шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 163 байгууллагын зохих ангиллын оршин суух зөвшөөрөлтэй 11 улсын 36 иргэн, харьяалалгүй 2 хүн хамрагдсан.
Шалгалтаар гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 1 уригч байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулсан, мөн Монгол Улсад суралцах зорилгоор ирсэн боловч шашны байгууллагад байрлаж байсан БНСУ-ын 1 иргэнд холбогдох асуудлыг шийдвэрлэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Ер нь хяналт шалгалт явуулсан шашны байгууллагуудад дотоод ажилтнуудаас өөр хүнгүй, үйл ажиллагаа нь зогссон байдалтай, дийлэнхи нь хаалттай байлаа. Шалгалтын үеэр цагдаагийн байгууллагаас болзошгүй вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар болон улс орон даяар үүсээд буй онцгой нөхцөл байдал, төрийн шат шатны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар танилцуулж, олон нийтийг хамруулсан хурал, цуглаан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх талаар шаардлага хүргүүлсэн.
-Ер нь шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хаанаас олгодог юм бэ. Шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага болон гадаадын иргэдэд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Манай улс төр, сүм хийдийн харилцааг зохицуулсан бие даасан хуультай. Уг хуулиар төр, сүм хийдийн харилцааны үндэс, сүм хийд, лам санваартны үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шашны байгууллага байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох гэх мэтчилэн гол гол асуудлуудыг тусгаж зохицуулсан байдаг. Тодруулбал, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Сүм, хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ” гэж заасан байдаг. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-аар шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг нь сунгах, хяналт тавих асуудлыг зохицуулсан байдаг.
Харин манай байгууллага бол тухайн сүм хийд, шашны байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэдийн баримт бичигт шалгалт хийж виз, бүртгэлийн талаар зөрчилтэй эсэх болон холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавин ажилладаг. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар шашны байгууллагад ажиллах гадаадын иргэний виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийг олгохдоо тухайн шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, ХХҮЕГ-аас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон албан бичиг зэргийг гол үндэслэл болгохын зэрэгцээ бусад баримт бичгийг бүрдлийг хангасан эсэхийг харгалзан үздэг.
Хэрэв иргэдийн зүгээс, шашны байгууллагад ажиллаж буй гадаадын иргэн Монгол Улсад зохих ангиллын визээр оршин сууж буй эсэхийг шалгуулах бол манай байгууллагад хандах боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн гадаадын иргэний баримт бичигт үзлэг шалгалт хийх, зохих ангиллын виз, оршин суух зөвшөөрөлтэй эсэх асуудал манай байгууллагын чиг үүрэгт хамаарна гэсэн үг. Харин тухайн сүм хийд нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, зөвшөөрөл авсан сүм хийдийн цугларалтын үйл ажиллагаа болон бусад асуудлаарх санал, гомдол, хүсэлтээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх шашин, сүм хийдийн асуудал хариуцсан ажлын албанд гаргах боломжтой.
-Иргэдийн дунд гадаадын иргэдийн хяналт сул байна гэх шүүмжлэл байдаг. Ер гадаадын иргэдэд хяналт шалгалтыг ямар үндэслэлээр явуулдаг вэ. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгддэг үү?
-Манай байгууллага нь гадаадын иргэний талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Бид он гарсаар хоёр удаагийн төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн хууль хяналтын байгууллагатай хамтарсан болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтуудыг зохион байгуулаад байна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүлээн авдаг. Тэгэхээр хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнууд зөрчлийн талаарх гомдол, мэдээллээ амаар, бичгээр, эсвэл харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан гаргах боломжтой. Манай байгууллага ажлын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг Хяналт шалгалтын газрын 70133448 дугаарын утсаар тогтмол хүлээн авч байгаа.
-Өнөөдрийн байдлаар хичнээн улсын байцаагч гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна вэ. Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажлын онцлог юу вэ?
-Гадаадын иргэн өөрийн улсын болон оршин суугаа улсын гэсэн 2 эрх зүйн дэглэмд захирагддаг өвөрмөц онцлогтой. Тэгэхээр, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон тус улсын эрх зүйн тогтоосон дэглэмийг сахин мөрдүүлэхийн зэрэгцээ гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, Монгол Улсад ирсэн зорилго, виз, бүртгэлийн асуудлыг хянан шийдвэрлэх эрх, үүргийг хэрэгжүүлдэг нь уг албан тушаалын онцлог юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 60 гаруй гадаадын иргэний хяналтын улсын байцаагч хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: ГИХГ
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2025/12/09
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас...
-
Тод зураг2019/10/15
Булганчууд “Намрын ногоон өдрүүд”-ийнхээ шилдгүүдийг тодрууллаа
-
Үйл явдал2020/10/08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт...
-
Дэлхий нийтээр..2020/08/27
Авлигын асуудалд холбогдсон 1040 төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлжээ
