Тод мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.
Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.
Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан.
Мөн “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхон элгэмсэг дотно, итгэмжилсэн харилцаагаа бэхжүүлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалаар Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д шат ахиулан, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм.
Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлсэн билээ.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн.
Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.
Тод мэдээ
К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүрч ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байна гэдгийг тэмдэглээд, Монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ноён Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлын улмаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж байгааг онцоллоо. Тэрбээр, Монголд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D витамин болон хоол тэжээлийн дутлаас үүдсэн архаг цус багадалт их байгаа нь бусад өвчинд өвчлөмтгий байх суурь нөхцөл болж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд ажиллах зайлшгүй шаардлага бий. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах болон амьдрах орчныг сайжруулах, эрүүл Монгол хүний төлөө хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудал, боловсролын тэгш бус хүртээмж, хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн чанар, хүчирхийлэлгүй, айдасгүй, аюулгүй орчин гэх мэт хот, хөдөөгийн хүүхдүүдийн бодит нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй өрх айл бол Монголын хамгийн том баялаг. Тиймээс хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Мөн утааг бууруулах богино хугацааны зорилгод 20 мянган айлыг яндангүй болгохоор LPG газ руу шилжүүлэх ажил эхэлсэн. Цаашид яндангүй айлын тоог 50 мянгад хүргэх, 10 мянган өрхийг нарны панелжуулах зэрэг утааг бууруулах, эрчим хүчний олон талт эх үүсвэртэй холбох чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Бодлогын төлөөллийн чиглэлээр манлайлж ажиллахыг А.Баяр даргаас хүсээд, хүүхдийн эрхийг хангах, аюулгүй, эрүүл аж төрөх суурь нөхцөл болсон бүхий л санал санаачилга, бодлого ажиллагаанд олон улсын туршлага, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэв.
Тод мэдээ
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ
Мал эмнэлгийн газрын даргын тушаалын хэрэгжилт, бог малын мялзан өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, халдварыг эрт илрүүлэх зорилгоор мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран бог малын мялзан өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгууллаа.
Тандалтад аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 23 хувь буюу 18 сумын 1856 малчин өрх хамрагдаж, асуумж судалгаагаар Баян-Уул сумын Баянбогд багийн 1 малчин өрхийн 199 хонь, 170 ямаа, нийт 369 бог малд эмнэл зүйн үзлэг хийхэд шинж тэмдэг илрээгүй гэж Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Сар шинэ-2025” цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 75 иргэн аж ахуйн, нэгж байгууллагууд 20 гаруй төрлийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бэлэн хувцас, үндэсний дээл, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.
Үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 10:00-21:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо NC builing “Та Чи” мартын хоёр давхарт зохион байгуулагдана. “Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, жаргалант тосгоны Соёлын ордон, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Та Чи” ХК хамтран ажиллаж байна. Иргэд та бүхнийг “Сар шинэ-2025” цагаан үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ