Тод индэр
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна.
Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж, өдөр бүр ажиллаж байна.
Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 3 дугаар суваг орчимд “ус нэвчиж гарч байна” гэсэн дуудлагын дагуу ГУББГ-ын албан хаагчид ажиллаж, 450 метр суваг татаж, усыг урсгаж гаргалаа.
Машин техник ашиглах боломжгүй гүүрэн гарц орчимд гар ажиллагаагаар суваг гаргаж, гүүрэн байгууламжийн хэсгүүдийг эвдэж, гэмтээхгүй хэвийн байдалд орууллаа.
Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Чингэлтэйн сувагт арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Нийт 12 машин механизм, 25 инженер техникийн ажилчид хуваарийн дагуу ажиллаж байгаа. Халиа тошингоос сэргийлсэн ажил гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх төлөвтэй” гэлээ.
Мөн хаврын шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Ус урсах зориулалттай гаргалгаа хоолой ахуйн хаягдлаас болж битүүрэх, халиа тошин үүссэн байршилд мөсийг сувагчилж цэвэрлээгүй зэргээс шалтгаалж шар усны үер халих эрсдэл нэмэгддэг байна. Эдгээр эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг холбогдох газруудад танилцуулж буй талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүссэн. Өвөл халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг нийслэл, дүүргээс уялдаа холбоотой, шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.
Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр мастер төлөвлөгөө гаргаад байгааг дурдлаа. Нэгт, үерийн далан буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, хоёрт, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, гуравт, хөрсний уснаас хамгаалах чиглэлээр үе шаттай төлөвлөлтийг 2040 он хүртэл цогцоор нь хэрэгжүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой. ГУББГ-аас газар чөлөөлөлт, трасс төлөвлөлт зэргийг холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулж, батлуулах ажлыг зохион байгуулж буй юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өвөл халиа тошин, хавар шар усны үерээс сэргийлэхэд дүүргүүд эрэмбэ дараатай хамтран ажиллах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэг дэх үерийн хамгаалалтын далан, байгууламжтай газрууд болон барихаар төлөвлөж буй байршлуудыг судалж, хэрхэн хамтарч болохыг эргэн ярилцана” гэдгийг хэллээ. Чингэлтэй дүүрэгт 7, 8, 9, 10 дугаар хороонд үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөөд байна.
Тод индэр
Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулан, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нар ажиллаж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатаас чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн үйл ажиллагааны явц байдлын талаар зарим зүйлийг асууж тодрууллаа.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, сайжруулах цаг үеийн хэрэгцээ шаардлага нь юу байгаа бол…?
-Хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 10-12 хувь, ажиллах хүчний 27-28 хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Ялангуяа мал аж ахуй нь газар нутгийн хувьд томоохон га талбайг эзэлж, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талын онцлогоос шалтгаалсан өндөр эрсдэлтэй салбар. Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Улмаар Улсын Их Хурлаас 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойш 10 жил болж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хүрээнд хөдөө аж ахуйд даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, гэнэтийн эрсдэлээс учирч болох эдийн засгийн хохирол, эрсдэлийг бууруулна” гэж тус тус заасан. Энэ хүрээнд Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоох, улмаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын хорогдлын дүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох хоёр томоохон зохицуулалтыг тусгасан байгаа.
-Ажлын хэсгээс хуулийн төслийг сайжруулахаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр, дэд ажлын хэсэг нэг удаа хуралдсан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг сайжруулахын төлөө ажиллаж байна, бид. Учир нь УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл тул тэдний дэвшүүлсэн саналыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, Сангийн яамнаас өгсөн мэдээллээр уг даатгалын системийн 80 хувийг арилжааны хоёрхон банкаар дамжуулан хамруулсан байдаг. Мөн бодит амьдрал дээр малчид зээл авах, эсвэл шагналын бүрдүүлбэрт ашиглах үүднээс даатгалд хамрагдсаар иржээ. Өөрөөр хэлбэл, малчдыг даатгалд бүрэн хамруулах, эрсдэлээс хамгаалах үндсэн агуулгадаа чиглээгүй байна гэж үзэж болно. Иймд Ажлын хэсгээс тооцооллыг сайтар нягтлан үзэх улмаар даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг бууруулах зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нэгтэй байна. Мөн олон жил даатгалд хамрагдсан иргэд даатгалын үр шимийг огт үзээгүй байх жишээтэй. Иймд тогтмол даатгалд хамрагдсан малчдад нэг удаа нөхөн төлбөрийг нь ахиухан олгох, урамшуулал, хөнгөлөлт олгох зэргээр уян хатан зохицуулалтыг тусгахаар зорьж байна. Мөн ажлын хэсгээс малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдын даатгалын мөнгө ямар сангуудад хуваарилагдаж, хэдэн төгрөгийн хураамж авч байгаа зэргээр санхүүгийн схемийг тодорхой болгоход чиглэж ажиллана.
-Хуулийн төсөлд малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгохоор өөрчилсөн мэт мэдээлэл иргэдийн дунд түгсэн. Энэ асуудалд таны байр суурь?
-Ийм ташаа ойлголтууд байгаа. Тиймээс нэг зүйлийг онцлон хэлэхэд малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй гэдгийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд албан ёсоор хэлье.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд төрөөс хөнгөлөлттэй зээл авч байгаа нөхцөлд даатгалд хамрагдах шаардлагатай гэсэн зүйлийг “Үндэсний давхар даатгал” ХК-ийнхны зүгээс тусгасан байсан. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед гишүүд даатгалыг албан журмынх мэт ойлгогдохоор хуульчлан тусгаж болохгүй, журмаар зохицуул гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Гэхдээ нийгэмд ийм ташаа ойлголт төрүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь малчид банкнаас зээл авахад даатгал шаарддаг нь албан журмынх мэт ойлголтыг төрүүлдэгтэй холбоотой. Мөн нэг даатгалын компанид даатгуулсан байхад тухайн банк түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй заавал өөрийн санал болгосон команид даатгуулахыг шаарддаг. Энэ нь нэг бус компанид давхар даатгал хийлгэхээс эхлээд малчдад чирэгдэл үүсгэдэг талаар гомдол санал их ирдэг.
Эцэст нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан журмынх болгох агуулгыг тусгаагүй, ажлын хэсгийн хуралдаан дээр ч ийм зүйл яриагүй, ярих ч үгүй гэдгийг тодорхой хэлье.
-Чуулганы завсарлагаанаар хуулийн төслийн талаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үйл ажиллагаа хэр эрчимтэй өрнөж байгаа болон малчдын зүгээс даатгалтай холбоотой ямар саналыг дэвшүүлж байна вэ?
-Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн гишүүд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талууд болох малчид, даатгалын компаниуд, банк, даатгалын зуучлагч нартай уулзалт зохион байгуулах, бүсчилсэн байдлаар орон нутагт ажиллаж байна. Мөн анх 2014 онд хуулийн төслийг боловсруулж байсан эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсоно.
Түүнчлэн хуулийн төслийг танилцуулах, малын индексжүүлсэн даатгалын хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар малчид, даатгуулагч бусад этгээд, даатгагч нараас санал, асуулга авах зэрэг ажлын хэсгийн баталсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Тухайлбал, миний хувьд орон нутгийн баг, малчдын хотонд очиж иргэдийн төлөөлөлтэй уулзан хуулийн төслийн талаар танилцуулж, саналыг сонсон ажиллаж байна. Өнгөрсөн онд зүүн бүсэд тохиосон байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахад малын индексжүүлсэн даатгал тодорхой хэмжээнд нэмэр болсон гэж малчид ярьж байна. Малчид Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийг илүү сайжруулж, ахуй амьдралд нь ойр, бодитой хэрэгжихэд анхаарч ажиллахыг хүсэж байна. Тодруулбал, олон жил малын индексжүүлсэн даатгал төлсөн малчдад тодорхой урамшуулал, хөнгөлөлт олгох асуудлыг төсөлд тусгах шаардлагатай талаарх саналыг олонтаа хэлж байна. Мөн зудын нөхцөл байдал сум, орон нутгийн багуудад хамрах хүрээ нь харилцан адилгүй байдаг тул малын хорогдлын босго үзүүлэлтийг уян хатан тогтооход илүү анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
-Ажлын хэсгийн ажлын үр дүнг хэрхэн тооцоолж байна вэ?
-Ажлын хэсгээс ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын хэсгийн гол зорилго амьдралд ойрхон, малчид даатгалын мөн чанарыг ойлгож, итгэдэг, тэдэнд үр өгөөжөө өгдөг даатгалын эрүүл схемийг бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод индэр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн найман суманд (Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт) ажиллаж, 2700 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр 156 иргэн 300 гаруй асуулт асууж, хариулт аваад байна.
Ховд аймгийн Буянт суманд ажиллах үеэрээ УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цаг хугацаанд УИХ-ын гишүүд тойргуудаараа ажиллаж, орон нутгийн иргэдэд батлагдсан хуулиудыг танилцуулж, тэдний дуу хоолойг сонсож, бодлого шийдвэртээ тусган ажиллах нь зүйтэй гэдгийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дурдлаа.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаараа улстөржилтөөс үүдсэн 30 жилийн хугацаанд гацсан мега төслүүдийг хөдөлгөх эхний алхмыг хийж чадсан гэв. Өөрөөр хэлбэл, улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн УИХ нэлээд эрчимтэй, асуудлыг тал бүрээс хэлэлцэж, олон ургалч үзлийг дэмжин ажиллаж байна.
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тус төлөвлөгөөнд хууль иргэн рүүгээ хандсан, хүн төвтэй, хүнийхээ эрхийг хамгаалсан, хангасан байхад чиглэн ажиллахыг эрхэм зорилгоо болгоод байна гэлээ.
Орон нутгийн иргэдийн зүгээс хууль иргэнд үйлчлээд, албан тушаалтнуудад хүрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа учраас Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө буюу хууль, эрх зүйн шинэчлэл Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ховд аймгийн Буянт сумын иргэд газрын ховор элементийн Халзан бүргэдэй ордыг ашиглахгүй байх, 1981 онд баригдсан эмнэлгийн барилгыг шинэчлэх, сургуулийн спорт заалыг өргөтгөх, татвар болон зээлийн хүү дарамт үүсгэж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал хэлж байлаа.
Улсын Их Хурлын даргын зүгээс сумдад шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлж, нэн шаардлагатай ажлуудыг ирэх жилийн төсөвт тусгах талаар дурдаад Буянт сумын эмнэлгийн барилга, спорт заалны асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.
Түүнчлэн Халзан бүргэдэй ордын асуудалд иргэдийн санал, бодлыг онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр гаргана гэв.
Алс хязгаар нутагт амьдран суугаа Ховд аймгийн иргэд олон нийт, сум, орон нутгийн амьдрал ахуйтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг УИХ-ын дарга сонсож, шийдвэрлэхээр ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод индэр
Ө.Цогт-Эрдэнэ: “Алтан төлийн эзэн” шагналыг төл малаа сайн бойжуулсан малчинд олгоно
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг Сар шинийн босгон дээр 47 дахь жилдээ шалгаруулан олгоно. Энэ шагналын талаар МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч Ө.Цогт-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Алтан төлийн эзэн” шагналыг хэзээнээс олгож эхэлсэн юм бэ. Энэ шагналын шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-"Алтан төлийн эзэн" шагнал 1978 оны Шороон морин жилийн Хаврын тэргүүн сард эхэлсэн түүхтэй. Энэ жил 47 дахь жилдээ олгож байгаа шагнал. “Алтан төлийн эзэн” шагналыг төл малаа сайн бойжуулсан малчинд олгодог. Нэг үгээр хэлбэл, төлчний шагнал юм. Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр төлөө хэрхэн сайн бойжуулсан бэ гэдгийг харгалзан үзнэ. Зудтай хэцүү цаг үед төлөө сайн авчихсан, онцгой сайн малчид байдаг. Зөвхөн малын тоо харж, олон малтай айлд өгдөг шагнал биш.
-Малчны тодорхойлолт материалыг хэдэн хүртэл авах вэ?
-Бид удирдамжаа зарласан байгаа. Материалаа 2025 оны хоёрдугаар сарын 10 хүртэл хүлээж авна. “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын гол болзол нь сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан үзүүлэлтээс гадна, сүргийн чанар бүтэц, үүлдэр угсааг нь сайжруулсан байдлыг хардаг. Сум орон нутагтаа шинэ залуу малчин бэлтгэх, залуу малчныг ажлын байраар хангахад хэр хувь нэмэр оруулж, нийгмийн идэвх санаачилга гарган ажилласныг хардаг.
Мөн мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлж байна вэ гэдэг нь бас нэг үзүүлэлт. Малчин өрхийн гишүүн бүр Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалд хамрагдсан байх хэрэгтэй. Түүнчлэн татвар, даатгал, сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл, хамтын ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгаа гэдгийг нь харж байгаа. Одоо хоршоо, хамтын ажиллагааг төр засаг дэмжиж, малчдаас хоршиж ажил үйлсээ хамтын хүчээр бүтээхийн төлөө ажиллах болсон. Эдгээр үзүүлэлтийг авч үзнэ дээ…
-Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Сум болгонд хөдөө аж ахуйн тасаг гэж байдаг. Хуучин бол Мал эмнэлгийн үржлийн тасаг шүү дээ. Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, багийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын тодорхойлолтоос эхлээд цөөнгүй материал бүрдүүлнэ.
-Эхлээд аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандаж, материалаа бүрдүүлэх эсэхээ шийдэх юм уу?
-Эхлээд тухайн багийн Засаг дарга шийднэ. Сумын хөдөө аж ахуйн тасаг дэмжинэ. Одоо малчин болгоно А данстай. А данс нь цахимжсан байгаа. Хэдэн малтай, хэдэн төл авсан, хэдийг нь зарсан. Сүүлийн жилийн өсөлт ямар байна. Мөн бэлчээр зохион байгуулалт, бэлчээрийн менежментийг хэрхэн сайн хийж байгаа гэдгийг ч тусгаж болно. Ингээд мэдээллээ харьяа аймгийнхаа Хүнс хөдөө ахуйн газарт явуулна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга "Улсын аварга малчин" шалгаруулж явуулдгийн адил сумдаас хэдэн малчны материал явуулах вэ гэдгээ шийднэ. Бид нэг аймгаас 10-аас доошгүй материал явуул гэдэг шаардлага тавьж байгаа. Тухайлбал, Төв аймаг 27 сумтай. Бид 27 материал авахгүй. Шигшээд тухайн аймгаас 10 хүртэл материал явуул гэсэн.
“Алтан төлийн эзэн” шагналыг зохион байгуулах комисс буюу ажлын хэсэг батлагдсан. Тухайн ажлын хэсэг материалыг хүлээн авч хэлэлцэж, шалгаруулдаг. Шалгаруулалт хийхдээ зөвхөн ирсэн материалаа харж шалгаруулахгүй. Малчдын мэдээллийг нягталж хянаж байж олгоно. Өөрөө аймгийн төвд оршин суудаг. Олон малчнаар малаа маллуулдаг төлийн тоо хэмжээ болон бусад үзүүлэлтээ хангачихсан малчны тодорхойлолт олон ирдэг. Тухайн хүнийг бид малчин гэж үзэх үү, үгүй юу гэдгээ судална.
-Шалгаруулах комисс байгуулагдсан гэж байна. Салбарын яамнаас хүмүүс байдаг уу?
-Энэ шагналыг 1978 онд анх бий болж байхад Нэгдэлчдийн дээд зөвлөлтэй хамтарч олгож эхэлсэн түүхтэй юм билээ. Бид энэ уламжлалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажилладаг. Яамнаас шалгаруулалтын ажлын хэсэгт хоёр хүн оролцдог. Тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар энэ шагналтай байнга хамтарч ирсэн. Энэ жил ч гэсэн уламжлалаараа хамтарч ажиллана. ХХААХҮЯ хамтарч ажиллаж байна гэдэг нь Засгийн газартай хамтарч олгож байгаа шагнал гэсэн үг.
-Энэ шагналыг жилд хэдэн малчинд олгодог вэ?
-2007 он хүртэл улсын хэмжээнд төрөл тус бүр дээр нэг нэг, өөрөөр хэлбэл, тавхан ширхэгийг л өгдөг байсан. 200 мянган малчин өрхөд ийм тоо харьцангуй цөөн байгаа биз дээ. Ингээд тухайн үеэс тоог нэмэгдүүлсэн. Гэхдээ тоог нэмэгдүүлэхдээ олон биш 20-30 ширхэгт барьж байсан. "Улсын аварга малчин" шагналыг 60-70 малчинд өгдөг байсан. Одоо бол 120 гаруй малчинд өгч байгаа. Улсын аварга малчны шагналыг 100 гаргачихаар манай шагнал цөөхөн байгаад байхаар бас өрөөсгөл. Монголын радиогийн 90 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ ойтойгоо уялдуулж, улсын хэмжээнд 90 ширхэг шагнал өгсөн. Энэ жил ч гэсэн мөн тийм хэмжээний малчныг шалгаруулан олгоно гэсэн төсөв төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Шагналыг хэзээ гардуулах вэ?
-Энэ жил цас, зуд харьцангуй гайгүй байна. Сар шинийн босгон дээр өгдөг уламжлалтай шагнал учраас Цагаан сарын өмнө олгох товтой байгаа. Энэ шагналд өрсөлдөгч их болжээ. Сүүлийн үед 300-400 малчны тодорхойлолт материал ирдэг болчихсон. Аймгийн Хөдөө аж ахуйн газруудад албан тоот, чиглэл өгч ажилладаг. Гэхдээ сумдаас материал шууд хүрээд ирдэг. Тоо хэмжээ олон болчихдог. Бидэнд ажлын ачаалал нэмэгддэг. Тэр олон материалаас 90 ширхэгийг л шалгаруулна гэдэг амаргүй ажил. Иймээс Аймгийн хөдөө аж ахуйн газрууд сумдад чиглэл өгч хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Зарим аймаг зудтай байна. Эдгээр аймаг, сумдаас материал ирэх нь бага байна уу?
-Өнгөрсөн өвөл, хавар Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Завхан, Булган, Төв аймагт зуд нүүрлэж, ихээхэн хохирол амссан. Тэгэхээр төл малын хувь хэмжээ ч маш доогуур үзүүлэлттэй байгаа. 2024 оны хаврын төлийн үзүүлэлт л чухал шүү дээ. Тухайлбал, Сүхбаатар аймгаас л гэхэд 300-400 толгой унага бойжуулсан гэх тодорхойлолт ирдэг байсан. Энэ удаа харьцангуй бага байна. Зудад нэлээд нэрвэгдсэн хүнд хэцүү байсан газруудаас малчдын шагналын материал маш бага ирж таарна.
Энэ жил бас Монгол орон даяар өнтэй сайхан байгаа юм биш. Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Увс, Завхан зэрэг аймагт цагийн байдал хүндхэн сум, орон нутаг цөөнгүй байгаа. Тухайн бүсэд өнгөрсөн хавар төлөө сайн авчихсан айл өрхүүд бий. Зудтай газраас тодорхойлолт ирүүлж, малчид шалгаруулалт хангаад шагнал өглөө гэж бодоход заавал Сар шинийн өмнө өгнө гэж айл өрхийг хүндрүүлэхгүй. Сар шинийн дараа өгсөн ч болно.
-Нэг аймгаас хэдэн ч “Алтан төлийн эзэн” тодрох боломжтой юу?
-Шагналын тоо цөөн учраас хүртээмжтэй байдлаар зохицуулах тал бий. Төв аймаг л гэхэд 27 сумтай, Хөвсгөл, Завхан 24 сумтай. Тэгэхээр сумынхаа тоогоор материал ирүүлээд байж болохгүй. Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар нь шийднэ. Ерөнхийдөө малч, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж байгаа малчдыг л шалгаруулж олгоно доо. Харин "Улсын аварга малчин" болчихсон малчин өрхөд энэ шагналыг олгохгүй.
-Яагаад?
-“Алтан төлийн эзэн” босго шагнал юм. "Алтан төлийн эзэн" болчихвол "Улсын аварга малчин" болох үүд хаалга нээгдэж байгаа. "Улсын аварга малчин", "Хошой аварга", "Гавьяат малчин", "Хөдөлмөрийн баатар" гээд өндөр дээд алдар цол хүртсэн малчид манай Алтан төлийн эздийн дунд олон бий дээ... Тухайлбал, Өнмөговь аймгийн Ханбогд сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин, Хөдөлмөрийн баатар, Гавъяат малчин Я.Нямдорж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин Тойвгоо, Сугар-Очир гээд дурдаад байвал манай “Алтан төлийн эзэн” шагналтнууд дундаас төрсөн гавьяат, баатрууд олон байдагт бид бүхэн бахархаж явдаг даа... Ийм л бахархалт урам зоригоор малчин бүрийн хотноос “Таван эрдэнэ” нэвтрүүлгээ дуугаргах юмсан гэж хичээдэг юм.
-Ярилцсанд баярлалаа.