Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Петр Павел албан ёсоор угтаж авлаа
Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Петр Павел Прагийн шилтгээнд албан ёсоор угтаж авлаа.
Хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөлөө.


Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон Монгол, Чехийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Прагийн шилтгээний хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр дурсгалын үг бичиж үлдээлээ.

Дэвтэрт “Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Чех Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэн тунхаглаж байгаадаа баяртай байна.
Олон зууны баялаг түүхтэй, үзэсгэлэнт Прага хотын шилтгээнд зочилж, Чех Улсыг сэргээн цогцлоож, тусгаар тогтнол, орчин үеийн хөгжил, дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндлэлийг хүлээсэн Чех Улсын үе үеийн удирдагчдын хичээл зүтгэл, алдар гавьяа, үзэл санааг гүнээ хүндэтгэж байна.
Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г дэлхий дахинд тогтоож байсан лугаа адил дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэжээ.
Прагийн шилтгээн буюу Ерөнхийлөгчийн ордонд Төрийн ёслол, хүндэтгэлийн уулзалт, арга хэмжээ, гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг юм байна.


Бүгд Найрамдах Чех Улс 10 сая гаруй хүн амтай. Парламентын засаглалтай. Ерөнхийлөгч Петр Павел 2023 оны нэгдүгээр сард таван жилийн хугацаагаар сонгогдож, мөн оны гуравдугаар сард тангаргаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
Чехийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган ам.доллар. Дундаж цалин нь 45 мянга гаруй крон буюу ойролцоогоор 2,000 ам.доллар. Үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй нь эдийн засгийн голлох салбарт тооцогддог.
424 тэрбум ам.долларын экспорт, 400 гаруй тэрбум ам.долларын импорт хийдэг улс юм.
Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоонд элссэн. Гишүүн орны хувьд Европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч еврогийн оронд үндэсний мөнгөн тэмдэгт болох чех кроноо хэрэглэсээр байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/08/16
Нийслэлийн хэмжээнд 66 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна
-
Үйл явдал2025/06/27
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2025/07/30
Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэв
-
Дэлхий нийтээр..2023/09/18
“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
