Тод мэдээ
УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан болов
Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод 2025 оны гуравдгаар сарын 25-ны өдөр хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Байнгын хороод 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хамтран хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасны дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн талаарх илтгэл, төрийн аудитын байгууллагаас гаргасан гүйцэтгэлийн аудитын тайланг сонссон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч буйг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулсан.
УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, өнгөрсөн намрын чуулганаар төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байснаа дурдаад, энэ алдааг засаагүйгээр барахгүй хэмжих боломжгүй арга хэмжээнүүдийг төлөвлөөд, түүний биелэлтийг 100 хувь гэж дүгнэн орж ирсэн байна хэмээн шүүмжилсэн. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-аар үнэлэх аргачлалыг баталсан ч түүнийг баримтлалгүйгээр хяналт үнэлгээ хийсэн нь ямар учиртайг лавласан юм.
Тэрбээр, 2024 оны жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгоно гэж тусгасан. Цахилгааны үнэ нэмж, байшингаа дулаалаад цахилгаан халаагуур тавьсан айлуудын нуруун дээр маш том ачаалал үүсгэчихээд үр дүнтэй ажилласан гэж дүгнэжээ. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг хэмжсэн шалгуур үзүүлэлтээр ажлын биелэлтээ хэмжиж болоогүй юм уу гэж асуусан. Авлигын гэмт хэргийг бууруулна гэсэн зорилт 100 хувь биелсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, логикийн алдаатай байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд үнэлгээний аргачлалынхаа дагуу зорилт, арга хэмжээг үнэлсний дараа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар үнэлгээ өгдөг. Төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд нь Засгийн газраас баталсан үнэлгээний аргачлалын дагуу индикаторууд дээр нь үнэлгээ хийж байгаа гэсэн үг. Эцэст нь Хяналт хэрэгжүүлэх газар үнэлгээ хийгээд энд хэлэлцүүлж байгаа юм. Таны хэлсэнчлэн нэг арга хэмжээг 90, юмуу 100 хувь гээд дүгнэчихсэн байвал энэ нь жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хангасан байдал юм. Түүнээс биш тэр ажлыг эцсийн үр дүнд хүргэчихсэн гэсэн үг биш. Дөрвөн жилийн төлөвлөгөөнд туссан ажил байлаа гэхэд 2024 онд тэрхүү ажлыг гүйцэтгэх ТЭЗҮ-г боловсруулахаар тусгасан бол түүнийгээ дүгнээд 100 хувь гэж үнэлж буй юм. Нийт дөрвөн жилд багтаан дуусгах тэрхүү ажлыг дуусгасан гэж ойлгож болохгүй. Тодруулбал, ямар зорилтот түвшинд хүрэх ёстой юм, тэр зорилтот түвшнийг хангасан байдлаар нь жил жилээр үнэлээд явж байгаа болохоос биш тэр барилга баригдаад, тэр цэцэрлэг ашиглалтад орсон гэсэн зорилтот түвшинд хүрсэн гэсэн үг огт биш. Тухайн зорилтот түвшинд хүрсэн эсэх дээр үнэлгээ хийж байгаа гэж ойлгож болно.
Авлигын төсөөллийн индекст эерэг өөрчлөлт гаргахын төлөө ажилласан. “Трансперенси интернэйшнл” байгууллага өнгөрсөн хугацаанд бидэнд хэд хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ хүрээнд хаврын чуулганаар Төрийн өмчийн компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулна. Ингэснээр авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ. Мөн Байгалийн нөөцийн ил тод байдлын хуулийг батлах шаардлагыг тавьж байгаа. Холбогдох хуулиуд УИХ-аар батлагдсанаар авлигын индекст томоохон өөрчлөлт гарна гэсэн хариулт өгсөн юм.
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсад төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт гэдэг асуудлыг нарийвчлан хэлэлцэж, хяналт үнэлгээний цогц системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Сайд нарын эрхлэх асуудлын хүрээн дэх дүрэм журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай УИХ-д асуудлаа танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид эрчим хүчний тарифыг индексжүүлж зохистой түвшинд хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчинд Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх арга хэмжээг авсан. Тийм учраас бид биелэлтийг 100 хувь гэж дүгнэсэн хэмээн хариулсан юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тайланг үнэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа муу, анхнаасаа ажлаа бодитой төлөвлөж чадаагүй, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт, шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй байгаагаас үнэлгээ нь зөрүүтэй байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.
Хуралдааныг даргалан явуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн олонх Засгийн газрын үйл ажиллагааны тайланд өгсөн үнэлгээ бодитой бус гэсэн асуудал хөндөж буйг тодотгоод, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадаагүйг сануулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шаардлагатай бол үнэлгээ хийх журам, холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, танилцуулах нь зүйтэй гээд жил жилийн төлөвлөгөөний тайланг ийм байдлаар хэлэлцэх ёсгүйг онцлов.
Эцэст нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх хамтарсан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Тод мэдээ
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
