Тод мэдээ
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана
Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ.
Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж буй. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах дээрх төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ.
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй.
Мөн Хүннү хотыг нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана.
Уг уулзалтаар Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох юм.

Тод мэдээ
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,
- Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал тээвэрлэдэг, хог үүрдэг чингэлэгтэй, тайзтай гээд нийт 11 машин,
- Үүрдэг чингэлэг 9,
- Гурван дугуйт дөрвөн ширхэг гээд нийт 24 автомашин, техник хэрэгсэл худалдан авч парк шинэчлэл хийлээ.
Дээрх машин, техникийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хуваарилж өгнө. Ингэснээр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог ачилт сайжрах юм. Баянгол дүүрэг 2021-2024 онд 15 машин, механизмаар парк шинэчлэлт хийж байсан бол, 2025 онд хот нийтийн аж ахуйн машин техникийг сайжруулах зорилгоор дөрвөн багц тендер зарласнаас эхний хоёр тендерт шалгарсан машин техникийг хүлээж авч буй нь энэ юм. Харин 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээж авна.






Тод мэдээ
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дийлэнх нь Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт бүртгэгдсэн бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.
Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

Тод мэдээ
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган зорчигчийг мөргөж осол гарган, хэргийн газрыг орхиж явсны улмаас хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-
Тод мэдээ2022/09/15
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдыг хүл...
-
Тод мэдээ2021/10/25
Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч хатагтай Мануело Феротой цахим уулзалт хийлээ
-
Тод мэдээ2022/08/11
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт
-
Өнөөдөр2024/02/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
