Дэлхий нийтээр..
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл үзүүлэв.
И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж байжээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байсан аж.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас түүний дурсгалыг хүндэтгэн 2001 онд И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулсан бол 2009 онд тус цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр дурсгалын музей байгуулжээ.
Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй хүндэт зочид И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Дараа нь тус дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй хүндэтгэлийн танхимд саатан И Тэ Жүн эмчийн намтар, түүхийн талаарх баримтат нэвтрүүлэг үзэж, хүндэтгэлийн танхимын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, дурсгалын музейг үзэж, сонирхсон юм.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй хүндэт зочид дараа нь Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг Чойжин ламын сүм музейд зочилж, Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүмийг үзэж сонирхов.
Хүндэт зочдыг Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн угтан авч, Монголын түүх, шашин, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан.
Өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан тус сүмийг 2000 онд бие даасан музей болгосон бөгөөд сан хөмрөг дахь түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэрийн 77 нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудаас импортлох бүх бараанд 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.
Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь уг татварыг ойрын хугацаанд хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.
Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн импортын татвар төлөх бөгөөд энэхүү арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээс үл хамааран хэрэгжинэ гэж дурдсан байна.
Гэхдээ тэрээр дээрх шийдвэрийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэн эсэргүүцсээр иржээ.
Харин Трампын мэдэгдлийн дараа Европын Комисс Европын Холбоо татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд нэг талын худалдааны аливаа арга хэмжээний хариуд шаардлагатай тохиолдолд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Дональд Трамп Франц, Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбогдуулан хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар анхааруулж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын дарамтад автахгүй бөгөөд Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
-
Үйл явдал2026/07/01
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруул...
-
Үйл явдал2021/08/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Дэлхий нийтээр..2021/07/30
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд цэгүүд
-
Дэлхий нийтээр..2020/12/04
Халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим систем нэвтрүүллээ
