Дэлхий нийтээр..
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө наймдугаар сарын 20-ны дотор дуусгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажил гүйцэтгэгч нарт өнөөдөр өгч, байршил дээр нь ажиллалаа. Сэлбийн үерийн хамгаалалтын далангийн ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна.
Уг 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар түшиц хананаас 70 орчим метр угсралт шугам сүлжээний ажлаас шалтгаалж түр хүлээгдэж байгаа бөгөөд голын голдирол тохируулах ажил, бэхэлгээний ажлууд хийгдэж байна. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ажлын гэрээ 2026 оны нэгдүгээр сард дуусах боловч наймдугаар сард багтааж ажлаа дуусгахаар төлөвлөж байгааг тус компанийн менежер Р.Дамба хэллээ.

Голын голдирол тохируулахад баруун талаараа 3 метр, зүүн талаараа 3 метрийн чулуун бэхэлгээ барьж, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээгээр малгайлна. Мөн түшиц хананы өндрийг нарийвчлан тэгшилж, чулуун хавтангаар малгайвчлах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх аж. Түшиц хананы ажил дууссаны дараа тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр талаараа Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг төлөвлөж байгаа. Явган зам металл хашлагатай чулуугаар хийгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор Сэлбийн түшиц ханыг барьж дуусгах үүргийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д өглөө. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэхэд шугам сүлжээний ажлууд, татаж авсан кабелиудаа буцаан булах зэрэг ажилд л хугацаа их орж байна. Үерийн усны гол шугам угсралтын ажил мөн баруун талын түшиц хананы хажууд хийгдэж байгаа учраас ухалтууд хийсэн. Энэ мэт байдлаас шалтгаалж ажил гүйцэтгэх явцад барилгын нөхцөл байдал янз бүрээр харагддаг гэдгийг ойлгосой гэж хэллээ. Түүнчлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажлын бэлтгэл болгож өнгөрсөн онд уг 700 метр талбайд 3000 гаруй метр куб лаг хагшаасыг бүрэн цэвэрлэжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/27
Монголын боксчид эх орондоо болсон Дэлхийн цомд тэргүүллээ
-
Дэлхий нийтээр..2023/08/07
Өв-Агро компани аймгийнхаа өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрэн хангажээ
-
Дэлхий нийтээр..2021/05/04
УИХ-ын гишүүд "Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа" аяныг эхлүүлэв
-
Дэлхий нийтээр..2020/12/21
Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа
