Дэлхий нийтээр..
Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй. Эдгээр мега төслөөс Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Ийнхүү дараагийн шатны бэлтгэл ажлуудыг хангах хүрээнд өнөөдөр Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин болон холбогдох албаныхан хоёрдугаар шугамын эцсийн буудал болох Архивын ерөнхий газар орчимд ажиллалаа.

Төслийн явц, ач холбогдлын талаар Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг батлуулсан төдийгүй байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан. Цаашид барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх юм. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна. Шугамын эцсийн буудал буюу депо байршлыг тус бүр 10 га талбайд барьж байгуулахаар төлөвлөсөн” гэв.

Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн уг төсөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой бөгөөд Улаанбаатар хотын хувьд зүлгэн болон асфальт хучилтат замын хийцийг ашиглана. Түүнчлэн нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 30-40 минутад хүрэх тооцоолол гарсан буюу замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Улаанбаатар трам төслийн ахлах инженер Б.Содбаатар “Улаанбаатар трам төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна нэмэлтээр 2-3 эх үүсвэрээс үндсэн тэжээлүүдийг холбохоор Эрчим хүчний яамтай холбогдох уулзалтуудыг хийн, зөвшилцсөн. Мөн 2020 оноос хойш олон улсанд хэрэгжиж буй трамвайн төслүүдэд автомат холбоот дохиоллын системүүдийг ашигладаг болсон. Тэр ч утгаараа уг төсөлд олон улсын стандартын дагуу автомат хориглолын системийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, трамвайн бүх үйл ажиллагааны хөдөлгөөнийг Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-иас SCADA системээр удирдан зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/07/19
Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна
-
Дэлхий нийтээр..2021/12/31
Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг дахин 6 сарын хугацаагаар хойшлу...
-
Тод зураг2020/03/16
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/03/17
Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна
