Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд
- Нэгт. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой.
- Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн хоёр үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тогтоолд хэсэгчилсэн хориг тавих тухай
”Монгол Улсын Их Хурлаас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн баталж, Монгол Улсын Их Хурлын дарга ёсчлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ТГ-01/875 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хрлын 2025 оны 85 дугаар тогтоолд дараах үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавьж байна.
- Нэг. Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан байна. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолууд нь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан болон хилийн заагт өөрчлөлт оруулж тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлсэн байна.
Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ойн болон усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг.
Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй.
- Хоёр.Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 46.4-т заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан.
Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэг дэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна.
Иймд энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/01/24
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх Тө...
-
Дэлхий нийтээр..2023/06/06
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Ула...
-
Хэн юу хэлэв...2021/12/31
Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.Макей баярын мэндчилгээ ирүү...
-
Дэлхий нийтээр..2022/02/17
Хөгжлийн банкны зээл олголт, зориулалтын талаар мөрдөн шалгаж байна
