Дэлхий нийтээр..
Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Иргэний хамгааллын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Агостино Горэтти, CIMA сангийн захирал Робэрто Рудари нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Бүгд Найрамдах Итали Улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан туршлага солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл болон ган, зуд, үер, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг гамшиг ослын үед хамтран ажиллах боломжуудын тухай санал солилцлоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Ази тивийн найман оронд хэрэгжүүлж байгаа “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадавхыг нэмэгдүүлэх нь” төсөл хөтөлбөрт ОБЕГ-ын албан хаагчид хамрагдаж буйд талархал дэвшүүлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета хоёр Улс Онцгой байдлын чиглэлээр илүү олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, Монгол Улсын Онцгой байдлын салбарын чадавх олон улсын түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байна. Манай хоёр орон худалдаа эдийн засаг, улс төр, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
Цаашид хоёр Улс шууд нислэгтэй болж иргэдийн харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэх, ноос ноолуурын экспортыг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулан Евро Азийн зах зээлд гарах, бараа эргэлтийг нэмэгдүүлж экспорт, импортыг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи инноваци нэвтрүүлэн хамтран ажиллах тухай өргөн хүрээнд талууд санал солилцлоо.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
-
Дэлхий нийтээр..2022/08/17
Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болов
-
Дэлхий нийтээр..2021/06/02
Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ
-
Үйл явдал2022/07/21
Олимпын гүүрэн доогуурх буцах эргэлтийн замыг түр хаана
-
Дэлхий нийтээр..2024/08/27
Ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо
