Дэлхий нийтээр..
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа. Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу жилд тээвэрлэх 20 сая тн хүртэлх ачааг шинээр барих Тээвэр логистикийн төв рүү шилжүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадгийг 120 хүртэл минутаар багасгаж, түгжрэлийг бууруулах боломжтой. Төмөр замыг ашиглалтад оруулсан эхний жилээс 3.5 сая, цаашлаад жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энгийнээр илэрхийлбэл, хоногт дунджаар 316-1800 орчим том оврын автомашин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцохгүй, хотын дундуур аюултай ачаа дамжин өнгөрдөггүй болох юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар салбар төмөр замын ажилд тулгарч буй зарим бэрхшээлийг шинээр барихаар төлөвлөсөн нийслэлийн дагуул хотуудын төлөвлөлттэй уяж, цогцоор нь хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Ийм замтай болсноор аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэхээ болино. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг төлөвлөсний дагуу энэ оны 10-р сард, ажил саатахгүй бол хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа төмөр замчид хэллээ.

Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/01/30
Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай ...
-
Хэн юу хэлэв...2020/07/02
УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа
-
Дэлхий нийтээр..2023/10/24
2023 онд эхний ээлжийн 300 сургууль ухаалаг ангитай болно
-
Дэлхий нийтээр..2024/12/03
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны со...
