Дэлхий нийтээр..
"Нойр нь хулжсан Улаанбаатар" буюу дуу чимээгээр хүчирхийлэгчид
Өглөөний нар мандахтай зэрэгцэн таны нойр "хулгайлагдсан" мэт мэдрэмж танд төрдөг үү. Засварын болон барилгын ажил гүйцэтгэж буй хүнд машины чимээ, чанга яндантай мотоциклийн чанга дуу, барилгын цахилгаан багажийн нүргээн өдөр шөнөгүй "эгшиглэнэ".
Ийм дуу чимээний хүчирхийлэлтэй бид өдөр бүр нүүр тулж байна. Энэ нь зөвхөн нойр хулжаасан төдий биш, харин тархи, сэтгэл зүй, бие махбодод ноцтой нөлөө бүхий хохирол учруулж буй нууц дайсан юм.
Хэтийдсэн чангадуу чимээ нь хүний эрүүл мэндэд аюултай чимээгүй тахал
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд шөнийн дуу чимээний хэмжээг 40 децибелээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг. Монгол Улсын үндэсний стандарт MNS 4585:2016 шөнийн дуу чимээг 45 децибелд тохируулсан ч Улаанбаатар хотод шөнийн дуу чимээ нь бодит байдал дээр 55-80 децибел хүрч байна. Өдөр ч мөн адил өндөр түвшинд — 65-90 децибел, хотын төв гудамжинд бүр 75-95 децибелд хүрдэг нь дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-30 децибелээр илүүг илтгэнэ.
Дуу чимээ нь зөвхөн чихэнд бус тархи, зүрх судас, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Тархины амрах чадвар алдагдаж, нойрны гүн шат доголдож, анхаарал төвлөрөх чадвар буурдаг. Зүрхний ачаалал нэмэгдэж даралт ихсэх, сэтгэл гутрал, бухимдал үүснэ. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд энэ нөлөөг хамгийн их мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, дуу чимээний хүчирхийлэл нь бидний эрүүл мэндийн аюулгүй байдлын томоохон хүчин зүйл болжээ.
Мотоциклийн чанга яндан — өдөр бүр тулгарах стрессийн эх үүсвэр
Улаанбаатар хотын гудамжинд 100-110 децибел хүртэл чанга дуу гаргадаг хууль бус яндантай мотоциклууд олширчээ. Энэ хэмжээ нь түргэн тусламжийн машины чимээтэй дүйцэх бөгөөд:
- Сонсголын эрхтний гэмтэл үүсгэх, анхаарал сарниулах эрсдэлтэй,
- Хүмүүсийн сэтгэл зүйд бухимдал үүсгэж, олон нийтийн маргаан үүсгэх нөхцөл болдог
- Өдрийн цагт ч гэнэт цочрол өгч зам хөндлөн гарах явган зорчигч, замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины жолооч нарт осол гаргах эрсдлийг нэмэгдүүлдэг
2024 онд явуулсан судалгаагаар Улаанбаатарын оршин суугчдын хамгийн их гомдоллодог дуу чимээ нь мотоциклийн чанга дуутай яндан байсан нь энэ асуудлын ноцтой байдлыг харуулж байна.
Дэлхийн хотууд хэрхэн тэмцэж байна вэ?
Дуу чимээний асуудал нь дэлхийн олон хотын тулгамдсан асуудал. Тиймээс олон улсын туршлагаас суралцаж болно.
Япон: Тээврийн хэрэгслийн янданг хатуу стандарттай болгож, шөнийн барилгын ажилд хатуу хязгаар тогтоодог. Хотын янз бүрийн хэсэгт дуу чимээг хянах мэдрэгч төхөөрөмж ашиглан иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэдэг.
Герман: Орчны дуу чимээг хатуу хууль эрхзүйн орчинд зохицуулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл болон аж ахуйн нэгжид өндөр торгууль ногдуулдаг. Хот төлөвлөлтөд “дуу чимээгүй бүс” бий болгож, шөнийн цагт барилгын ажлыг хязгаарладаг.
Швед: Иргэдийг дуу чимээний асуудалд идэвхтэй оролцох боломжтой болгохын тулд гар утасны аппликейшнээр дуу чимээний хэмжээг хэмжиж, гомдол мэдээлэх системийг нэвтрүүлсэн.
Эдгээр улс орнуудын туршлагаас харахад амжилтын түлхүүр нь хатуу хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хот төлөвлөлтийн инженерийн шийдэл, иргэдийн идэвхтэй оролцоо юм.
Улаанбаатарын өнөөгийн байдал ба авч буй арга хэмжээ
Улаанбаатар хотын захиргаа 2023 онд:
- Хуулийн шаардлага хангахгүй яндантай автомашин, мотоциклийг хотын төвөөр зорчихыг хязгаарласан
- Барилгын шөнийн ажилд зөвшөөрөл шаардаж эхэлсэн
- Тээврийн хэрэгслийн хяналтын систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ч хяналт, хэрэгжилт хангалтгүй хэвээр байна
Иргэд өдөр тутмын дуу чимээнээс болж нойргүйдэж, сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирч байна. Мотоциклийн чанга яндантай холбоотой гомдол хамгийн түгээмэл байна.
Ирээдүйн шийдэл
Дуу чимээний хүчирхийллээс сэргийлэхийн тулд:
- Иргэд дуу чимээний талаарх эрхээ сайн мэдэж, гомдлоо цаг тухайд нь гаргах боломжийг нэмэгдүүлэх
- Хот төлөвлөлтөд “ногоон зурвас”, чимээгүй бүсийг тогтоох
- Шөнийн ажил, хөдөлгөөний цагийн горимыг хатуу мөрдөх
- Хууль бус янданг хязгаарлах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах
- Иргэдэд зориулсан дуу чимээний хяналтын аппликейшн, мэдээллийн системийг хөгжүүлэх
Дүгнэлт
Дуу чимээний хүчирхийлэл нь бидний амьдралын чанарыг цөмөөр нь өөрчлөхүйц аюул. Зөвхөн чихэнд биш тархи, зүрх, сэтгэл зүйд нөлөөлдөг учраас хотын удирдлага, хууль тогтоох байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа шаардлагатай. Нойргүй шөнийн зовлон, стресс нь зөвхөн хувь хүний биш нийтийн эрүүл мэндийн том асуудал гэдгийг бид мартаж болохгүй.
Таны нойр, таны эрүүл мэнд — чимээгүй хүчирхийллээс хамгаалагдах эрхтэй.
Дэлхий нийтээр..
Николас Мадурогийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сард эхлүүлэхээр товложээ
АНУ-д саатуулагдаж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флоресийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр АНУ-ын холбооны шүүгч товлосон байна.
АНУ-ын прокурорууд тэднийг хар тамхины наймаатай холбоотой хэрэгт буруутгаж байгаа бол Мадуро болон түүний эхнэр шүүхэд өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлжээ. Тэднийг Нью-Йорк хотын Бруклин дэх Метрополитан цагдан хорих төвд саатуулж байгаа талаар AP мэдээлсэн байна.
Reuters-ийн мэдээлснээр, Мадуро болон түүний эхнэрийг 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Каракас хотод явуулсан АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр баривчилж, улмаар АНУ-д хүргэсэн аж. Тэдэнд хар тамхины наймаа, тэр дундаа кокаин тээвэрлэх ажиллагааг эрх мэдлээ ашиглан дэмжсэн гэх үндэслэлээр ял тулгажээ.
Мадурогийн өмгөөлөгчид уг хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тэд баривчилгаа олон улсын эрх зүйг зөрчсөн, мөн төрийн тэргүүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөнө гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан шатны хүсэлтүүдийг ирэх есдүгээр сараас гаргаж эхлэхээр товложээ.
Дэлхий нийтээр..
Хятадын компаниудыг хоригт хамруулсныг Бээжин буруутгав
Европын Холбоо ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээг баталж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг шинээр хоригийн жагсаалтад оруулсантай холбогдуулан БНХАУ-аас Европын Холбоонд суугаа төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ.
Төлөөлөгчийн хэлснээр, Европын Холбоо Хятадын талын удаа дараагийн эсэргүүцэл, шаардлагыг үл харгалзан ОХУ-ын эсрэг шинэ хоригт Хятадын аж ахуйн нэгжүүдийг хамруулсан нь Бээжингийн хүчтэй дургүйцэл, эрс эсэргүүцлийг төрүүлж байна.
Хятадын тал уг асуудлаар Европын Холбоонд дахин албан ёсны эсэргүүцэл илэрхийлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаагаа мэдэгдэв.
Төлөөлөгч мөн Хятад улс Украины хямралын асуудлаар бодитой, шударга байр суурь баримталж, энх тайвныг дэмжих, яриа хэлэлцээг ахиулах бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн гэж онцолжээ. Түүний хэлснээр, Бээжин Украины асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна.
Хятадын тал Европын Холбоо Украины асуудлыг далимдуулан хариуцлагаа Хятадад тохох, Хятадыг үндэслэлгүйгээр буруутгах, мөн Хятадын аж ахуйн нэгж, иргэдийг ямар ч үндэслэлгүйгээр хоригийн жагсаалтад оруулахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Европын Холбоо буруу үйлдлээ нэн даруй залруулж, үүссэн сөрөг нөлөөллийг арилган, Хятад, Европын Холбооны харилцааны ерөнхий ашиг сонирхлыг бодит үйлдлээрээ хамгаалахыг Хятадын тал уриалжээ.
Дэлхий нийтээр..
Бээжин ЕХ-ны 14 байгууллагад экспортын хяналт тогтоов
Хятадын Худалдааны яам долоодугаар сарын 24-нд мэдэгдэл гаргаж, Европын Холбооны 14 байгууллагыг экспортын хяналт, зохицуулалтын жагсаалтад оруулахаар шийдвэрлэснээ зарлалаа.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Бээжингийн цагаар долоодугаар сарын 23-ны орой Европын Холбоо ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээг албан ёсоор зарлаж, Хятадын эх газар болон Хонконгийн 14 аж ахуйн нэгжийг хоригийн жагсаалтад оруулсан байна. Үүний хариуд Бээжин дээрх шийдвэрийг гаргажээ.
Хятадын тал үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах, мөн үй олноор хөнөөх зэвсгийн тархалтаас сэргийлэх олон улсын үүргээ биелүүлэх зорилгоор уг арга хэмжээг авч буйгаа мэдэгдсэн байна. Шийдвэрийг “БНХАУ-ын Экспортын хяналтын тухай хууль”, “БНХАУ-ын хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний экспортын хяналтын журам” зэрэг холбогдох хууль тогтоомжид үндэслэн гаргасан гэж Хятадын Худалдааны яам тайлбарлажээ.
Уг шийдвэрийн дагуу экспортын үйл ажиллагаа эрхлэгчид дээрх 14 байгууллагад хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглоно. Мөн гадаадын байгууллага, хувь хүн БНХАУ-д гаралтай хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүнийг эдгээр байгууллагад шилжүүлэх, нийлүүлэхийг хоригложээ.
Европын Холбооны ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээ нь банк, криптовалютын компани, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэгч зэрэг байгууллагуудыг хамарсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
-
Дэлхий нийтээр..2025/04/25
Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна
-
Дэлхий нийтээр..2019/10/15
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлт...
-
Дэлхий нийтээр..2021/09/07
Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжив...
-
Үйл явдал2022/04/18
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
