Тод мэдээ
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.
Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.
Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ.
“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.
Тод мэдээ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ
Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд, төмөр зам доогуур Найрамдлын замыг товчооны замтай холбох, төмөр замын 396 км, ПК9-36 3в авто замын 1 дүгээр нүхэн гарц буюу Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засвар шинэчлэлийн ажил ирэх Баасан гарагаас эхэлнэ.
Тодруулбал, наймдугаар сарын 15-ны 22:00 цагаас есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймд ажил гүйцэтгэх хугацаанд тус чиглэлд зорчих жолооч, зорчигчид ачаалал багатай өөр маршрутыг сонгохыг зөвлөж байна.
Тод мэдээ
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгийн үнэт цаасыг тухайн жилийн төсвийн тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад зөвшөөрлөө.
Аймгийн үнэт цаас гаргах хэмжээ болон санхүүжүүлэх дүнг жил бүрийн төсвийн төсөлд тооцож тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нарт, аймгийн үнэт цаас гаргах замаар төвлөрүүлсэн хөрөнгийг энэ тогтоолд заасан зориулалтын дагуу зарцуулж, үнэт цаасны эргэн төлөлтийг аймгийн төсөвт тусгах арга хэмжээ авч, хуваарьт хугацаанд төлж барагдуулахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад тус тус даалгав.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ өсөж байна. 2023 онд 59.2 сая кВт.ц байсан бол 2033 онд 105.8 сая кВт.ц-д хүрнэ гэж тооцоолжээ. Мөн төвлөрсөн системийн оргил ачаалал 2023 онд 1,636 МВт хүрч, 2022 оноос 11.3 хувиар өссөн нь суурь хэрэглээний аюулгүй байдлыг хангах, дэмжих эх үүсвэр хэрэгцээтэй байгааг харуулж байна. Одоо ашиглаж буй 9МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь хуучирсан, 30.6 сая кВт.ц хэрэглээг даах чадвартай, үлдсэн хэрэглээг төвийн эрчим хүчний системээр хангаж байгаа нь найдвартай бус байна. Иймд өсөж буй хэрэглээг хангах хүрээнд 50МВт-ын хүчин чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц барих шаардлага үүсээд байна.
Уг станц нь зөвхөн Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзлээ. Өмнөговь бонд гаргаж буй анхны аймаг болж байна.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2025.08.13) Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн бус байгууллага болон холбогдох төрийн байгууллагуудын нийт 30 орчим оролцогч оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төсвийн тухай хуульд 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалт туссаныг дурдаад, Монгол Улсын Их Хурал өөрийн баталсан хуулийг хэрэгжүүлэхэд манлайлан үлгэрлэж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг боловсруулсан үндэслэл, стратегийг танилцуулж, “3 төгөлдөршил”-ийн зарчимтай парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа баримтлах стратеги, түүний үнэт зүйл, стратегийн болон эрхэм зорилго, алсын харааг товч дурдан, эдгээр зорилго, стратегийн хэрэгжүүлэх бодлогоор төсвийн төслийг боловсруулсан гэдгийг тэмдэглэлээ.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг парламентаас батлан гаргах хууль тогтоомж, шийдвэрийг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилан, чанартай боловсруулдаг байх, шинжлэх ухаан, инновац, технологийг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хууль, эрх зүйн цахим дэд бүтцийг бий болгох, тасралтгүй хөгжүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, монголын парламентын өөрийн үнэлгээний чадамжийг дээшлүүлэх, төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлэх зэргээр бодитойгоор тодорхойлжээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан зарчим, бууруулж буй болон тохирсон эдийн засгийн ангилалд хамааруулж буй зардлуудыг танилцуулж, тайлбарласан юм. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн (ПСХХ), Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн төсвийн төсөл болон боловсруулсан хууль, эрх зүйн үндэслэл, шаардлага, төлөвлөж байгаа үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар ПСХХ-ийн газрын дарга Д.Онолт, ТТБЗ-ийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа нар тодорхой мэдээлэл өглөө.
Төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийг төлөөлөн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, “Боловсрол бүх нийтийн төлөө” ТББ-ын Б.Батчимэг, “Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб” ТББ-ын Н.Билгүүн, Н.Эрдэнэтулга, “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат нар, мөн иргэн А.Анар-Эрдэнэ нар оролцсон юм. Түүнчлэн Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцлоо. “Монголын залуучуудын эвсэл”, “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, Б.Өлзийбат нар төсвийн төслийн талаарх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Оролцогчид төсвийн төсөлд тусгагдсан нийтлэг арга хэмжээнүүд, тэдгээрийн төсвийн задаргаа, парламентын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоог хангах ажлын хэрхэн төлөвлөж, төсөвлөж буй талаар, мөн олон улсын байгууллагуудын гишүүнчлэлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, тэдгээр байгууллагуудаас мэдээлэл, үйлчилгээг хугацаа алдалгүй авч, олон талын идэвхтэй хамтын ажиллагаатай байх, судалгааны ажлыг эрчимжүүлж, төсвийг хангалттай тусгаж байх, Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үүнтэй холбоотой төсөв, зардлыг төлөвлөж хэрэгжүүлдэг байх болон төсвийн төслийн хэлэлцүүлгийг тодорхой, үр дүнтэй, чанартай явуулах талаар Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгч ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.