Дэлхий нийтээр..
Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
2025 онд нийт 44 байршилд 104.4 км авто зам, замын байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 100.9 км авто замыг шинэчилж, нийт авто замын ажлын гүйцэтгэл 96 хувьтай үргэлжилж байна.
Энэ жилийн хувьд 1978 оноос хойш их засвар хийгээгүй 16 км Найрамдлын авто зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй 8.9 км Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчиллээ. Өмнө нь Улаанбаатар хотод ихэвчлэн туслах гудамж замуудад авто замын шинэчлэл хийгдэж байсан бол сүүлийн хоёр жилд гол гудамж замуудаа шинэчлээд зогсохгүй зуслангийн замуудад шинэчлэл үргэлжилж байна.
Тухайлбал, энэ онд Шаргаморьтын авто замын засвар, Гоодойн ам, Яргайт, Шадивлангийн чиглэлд авто замын ажил гүйцэтгэлээ. Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засаж шинэчилж,
- 25 дугаар эмийн сангаас Амарсанаагийн уулзвар хүртэлх авто зам,
- Жанжин клубын авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар),
- Шархадны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл),
- Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл),
- Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар),
- Парисийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл),
- Лааганы гудамжны авто зам (Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл) зэргийг засаж шинэчиллээ.
Ташрамд, нийслэлийн хэмжээнд 2024 онд нийт 62 байршилд 137.1 км авто замыг бүрэн шинэчилсэн. Энэ нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт авто замын шинэчлэлийн ажил болсон юм. Тухайлбал, 2021 онд нийт 14 байршилд 12.9 км, 2022 онд 12 байршилд 15 км, 2023 онд 13 байршилд 18.5 км урт замыг шинэчилжээ. Авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг хамтад нь гүйцэтгэж байна.

Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
