Дэлхий нийтээр..
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд
- 2000 м.кв дайрга дэвсэж тэгшлэх, дам нурууны угсрах талбайг хусаж нягтруулах,
- 24000 м.куб хайрга дайрга дэвсэж тэгшлэх ажлууд бүрэн дууссан.
- Төслийн кемпийн 2000 м.кв талбайд дайрга дэвсэж тэгшилэн, 1000 м.кв талбайд бетон цутгалт хийсэн.
Мөн төслийн талбайн дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгасан.
Туулын хурдны замыг нийт долоон орц, гарцтай байхаар төлөвлөсөн. Ингэснээр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүрээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаж Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах урьдчилсан тооцоололтой юм. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай баригдсанаар түгжрэл 40 гаруй хувиар буурна.
Тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан. 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар замын трасс зургийг хэлэлцэж баталсан.
Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм. Мөн Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконг зэрэг улсад дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.
Туулын хурдны зам нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
