Дэлхий нийтээр..
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
“Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ.
Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150 мянган метр нэхмэл, тус бүр 15 мянган ширхэг ширмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
800 гаруй ажилтан нь компанийхаа 65 хувийн хувьцааг эзэмшдэг нь хамтын зорилго, хариуцлага, урт хугацааны үнэнч байдлын илэрхийлэл гэдгийг компанийн удирдлага танилцууллаа.
Цаашид хэвийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг үргэлжлүүлэн олгож байх, хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөх хугацааг дөрөв биш, 6-10 жил болговол аж ахуйн нэгжүүдэд улам их дэмжлэг болохыг хэлж байлаа.
Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 аж ахуйн нэгж 245 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан байна.
Үүний үр дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 2024 оны мөн үетэй харьцуулахад самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Брэнд гутал” ХХК-д ажиллалаа
1993 онд байгуулагдсан тус компани 20 орчим ажилтантай. Жилд 15-20 нэр төрлийн, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн 11-15 мянган хос гутал үйлдвэрлэдэг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд жилд эмч, сувилагч нарт 100 хос арьсан углааш, зорилтот бүлгийн сургуулийн насны хүүхдүүдэд 140-150 хос, 2-5 настай, тархины саажилттай хүүхдүүдэд хөлийн 100 хос чиг баригч хандивладаг уламжлалтай юм.
Томоохон сүлжээ дэлгүүрүүд талбайнхаа тодорхой хэсгийг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг байх, хөдөлмөр хамгаалал, тусгай зориулалтын гутлын импортын гаалийн татварыг нэмэх, эх оронч худалдан авалтыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх боломж бүрдээд байна. Ингэснээр гутал үйлдвэрлэгчид гэхэд л 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд бодлогын болон хөрөнгө, татварын дэмжлэг үзүүлж байгаа нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал авчирсныг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.
Энэ жил аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 400 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 389 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.
Өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуйн нэгж нийт 478 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрт манлайлан оролцож, малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, татвараа төлөх зэргээр бодит хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.
Үүний дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.
Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, 2,200 орчим ажлын байр шинээр гарна.
Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болох юм.
Хөтөлбөрийн дүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрнэ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/03/14
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд үндэсний сайн дурын...
-
Дэлхий нийтээр..2022/09/23
Ням гарагт 19 томоохон зах, худалдааны төв амарна
-
Дэлхий нийтээр..2020/12/09
Улсын онцгой комисс эмгэнэл илэрхийлэв
-
Үйл явдал2022/10/27
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...







